Орон нутаг
2022.10.27 17:42
1395
Дархан-Уул аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймагт боллоо. Тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын газар тариалангийн салбарын төв бүсэд оршдог бөгөөд үр тарианы ургацын 4,2 хувь, төмсний ургацын 4,4 хувь, хүнсний ногооны ургацын 17,6 хувийг тус тус хангахын зэрэгцээ хураан авсан ургац нь аймгийнхаа хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 100 хувь, төмсөөр 1.7 дахин, хүнсний ногоогоор 1.6 дахин хангадаг гол хүнс үйлдвэрлэгч аймаг билээ. 2022 онд Дархан-Уул аймаг нь нийт 46.5 мянган тн ургац хураан авахаар зорин ажиллаж байна.

Дархан- Уул аймгийн хэмжээнд тариалангийн талбайг хашаажуулах, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн 4 улирлын турш тогтвортой хангах, зоорийн аж ахуйг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хүнс үйлдвэрлэгчид онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэртэй болон сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрийн жишиг сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын газар тариалангийн салбарын хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, сургалт үр үйлдвэрлэлийг хосолсон үйл ажиллагаа явуулдаг Ургамал газар тариалангийн хүрээлэн нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг биеллээ олоход чухал ач холбогдолтой. Тус байгууллагын хамт олон УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдэгээ илэрхийллээ.

Монгол Улсынхаа ард иргэдийг эрүүл экологийн хүнсээр хангах, эрчимжсэн мал аж ахуйн бодлогыг хөгжүүлэх, биотехнологийн дэвшилтэт арга туршлагыг өнөөгийн нийгэмд түгээн дэлгэрүүлэх ажилд томоохон хувь нэмэр оруулж буй Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь өмнөө тавьсан бодлого зорилтоо тодорхойлон мал сүргийг эрчимжүүлэх үүргээ ханган биелүүлж, нэгжээс авах ашиг шимийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний Дархан-Уул аймаг дахь нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөн, хүрэлцэн ирсэн хүнс үйлдвэрлэгчдэд томоохон итгэл найдвар төрүүллээ. Дээрх хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи , инновацад тулгуурлан хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж эхэллээ.