Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 27 аж ахуй нэгж самар экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээрээс 15 аж ахуй нэгж нь мянга, мянган тонн самар экспортлодог мөртлөө нэг ч ажилтан албан хаагчгүй гэж мэдүүлжээ. Дэлхийн хэмжээнд 42 мянган тонн самрын хэрэгцээ байгаагаас өнгөрсөн онд манай улс 14335 тонн самрыг гадагшаа экспортложээ.
Өөрөөр хэлбэл нийт хэрэглээний 3-ны хоёрыг манай улс нийлүүлж байна гэсэн үг.
Энэ үзүүлэлт нь БНХАУ-ын жилдээ нийлүүлэх 11 мянган тонн самраас ч их. Өндөр үнээр, эрэлт ихтэйгээр дэлхийд нийлүүлж байгаа хирнээ улсад татвараа төлөхгүй, тайлангаа цаг тухайд нь өгөхгүй, алдагдалтай ажиллаж байна гэж хэлээд суугаа аж ахуй нэгжүүдийг цаашид нь толгойг нь илээд суухгүй гэдгийг салбарын сайд хэлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ хэлэхдээ
"Самар авахын тулд ямар их хэмжээний модыг, байгалийг сүйтгэж байгаа билээ. Бид Монгол Улсад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг хөндөх цаг болсон. Тэгэхээр бид татвар төлдөггүй аж ахуй нэгжтэй харьцаад байх шаардлага байхгүй. Өнөөдрийн байдлаар бид 15 аж ахуй нэгжийн эрхийг цуцлах асуудлыг хөндөж байгаа. Үлдсэн 12 аж ахуй нэгжтэй уулзалтууд хийнэ. 15 аж ахуй нэгжийг цуцалж байгаа нь үлдсэн компаниуддаа давуу байдал олгож байна гэж ойлгож болохгүй. Үргэлжлүүлээд тодорхой эрхүүдийг олгоно. Олгохдоо шаардлагаа тавина гэсэн үг. Жишээ нь: Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм уу үгүй юм уу? Үйлдвэр нь Монголд байгуулагдах юм уу? Үгүй юм уу?" гэсэн юм.
2021 оны хувьд 14 мянган тонн самар экспортонд гаргасан хирнээ БОАЖЯ-аас албан ёсоор зөвшөөрөл авахдаа ердөө 13 мянган тонныг мэдүүлсэн байна. Энэ мэт хил гаалийн татвар, аж ахуй нэгжийн төлөх ёстой зүй ёсны татвараас зугатааж байгаа нь байгаль дэлхийгээ нөхөн сэргээх боломжгүй нөхцөлд хүргэж үйлдэл юм.
Самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо гэх сүржин нэртэй энэ байгууллага зөвхөн бизнес эрхлэгчдээ хаацайлаад суух бус улсдаа төлөх ёстой татвараа давхар шаардаж хариуцлагаа ухамсарламаар байна.
Цаашлаад эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэрийг бий болгож хаа ч байхгүй, хямдхан ханшаар байгалийн баялгаа туучихгүй шиг өөртөө ч өрөөлд ч ашигтай бизнес болгох бүрэн боломж нь байна гэсэн үг. Манай улсын хувьд нэг тонн самрыг дэлхийд нийлүүлэхдээ маш харамсалтай ханшаар буюу 1,5-2,3 доллараар нийлүүлж байгааг салбарын сайд нь онцолж байсан. Гэтэл БНХАУ зэрэг бусад улс орнууд 24-50 доллараар нийлүүлдэг аж.
Манай улсын хувьд хамгийн багаар тооцоод 25 доллараар нийлүүлье гэвэл бид жилдээ 360 сая орчим долларыг улсдаа төвлөрүүлэх боломжтой.
Тиймээс аж ахуй нэгжүүдэд дэлхийн дундаж үнэ рүү дөхүүлэх шаардлагыг тавихын алдагдалтай ажиллаж байгаа гэх худал тайланд итгэхгүй, цаашид зөв менежмент хийгээд, үнэн зөвөөр татвараа төлөх аж ахуй нэгжтэй улс хамтын ажиллагаа өргөжүүлэн байгаль орчноо нөхөн сэргээх нөхцлийг бүрдүүлож, улмаар хушин мод нэмж тарих ажлыг эрчимжүүлэх гэнэ. Тиймээс нэг ажилтангүй, Х тайлантай, ашигтай ажиллах газар алдагдалтай гэж мэдүүлж байгаа аж ахуй нэгжүүдийг цэгцлэх цаг нэгэнт болжээ.