Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.10.28 13:20
44197
Хөшигийн хөндийд байгуулагдах шинэ хотын статусыг тодорхойлох үүрэг өглөө

Хөшигийн хөндий дэх Ухаалаг, Ногоон хотын бүтээн байгуулалтын дэд бүтэц, төлөвлөлтийн ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, Хот байгуулалтын яаманд ажиллалаа.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь зургаан багц ажлаас бүрдэж буй бөгөөд үүний дөрвөн багцийнх нь ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулах шатандаа явж байгаа талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр “Эхний дөрвөн багц ажлын ерөнхий төлөвлөгөөнөөс “Эдийн засгийн чалаат бүс”-ийн дэд бүтцийн ажилд гол анхаарлаа хандуулж байна. Дэд бүтцийн асуудлууд шийдэгдэхэд дараа дараагийн ажлыг төлөвлөхөд дөхөм болно. Мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан 3600 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 1000 гаруй байгууллагын байршлыг нь өөрчилж, шилжүүлсэн бөгөөд зарим хууль бусаар газар өмчилсөн байгууллагын өмчлөлийг нь цуцалсан” гэлээ.
 
Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт нь 1000 га газрыг хамрах ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд эхний ээлжийн газар доорх инженерийн шугам сүлжээний ажлууд эхэлсэн талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол мэдээллээ.
 
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Ухаалаг, Ногоон шинэ хот байгуулах ажлын хүрээнд Казино болон бусад аялал жуулчлал хөгжүүлэх, Хотын статус болон хил хязгаарын заагийг тодорхойлох, Шинэ хотын захиргаа байгуулах, мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг Олон улсын статустай болгох зэрэг гурван хуулийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг шуурхайлах"-ыг Үндэсний хорооны нийт гишүүдэд даалгалаа.
Мөн Олон Улсын байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж, санхүүжилт татах, дотоодын томоохон ААН-үүдтэй хэлэлцэж, төвүүдийг нь Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотод байгуулах, төрийн захиргааны байгууллагууд болон Их, дээд сургуулиудыг нүүлгэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангуулах талаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.