Орон нутаг
2022.10.30 19:06
1000
"Хан жаргалант" үйлдвэр Ховд аймгийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ховд аймгийн "Хан Жаргалант Ховд" мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллалаа.

"Хан Жаргалант" үйлдвэр өдөрт 2-3 тн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Анх 2004 онд 2 орон тоотой байгуулагдаж байсан "Хан" хиамны цех ийнхүү томоохон үйлдвэр болон өргөжиж Ховд аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна.

Ховд аймагт өнөөдрийн 2022 оны байдлаар мах махан бүтээгдэхүүний 8 үйлдвэр, гурил гурилан бүтээгдэхүүний 58, сүү сүүн бүтээгдэхүүний 61, ус ундааны 13 нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна.

Тус компаний хувьд өнөөдрийн байдлаар 20 хүнийг ажлын байраар хангаж, үйлдвэрийн хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал аймагтаа 40-50 хүнийг байнгын ажлын байраар хангаж баруун бүсийн аймгуудын иргэдийн 60-70 хувийг боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм.

Төрийн тэргүүний санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн нь цаг үеэ олсон зөв асуудал төдийгүй орон нутгийн хүнсний салбарын хөгжилд өндөр ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа тус компанийн зүгээс илэрхийллээ.