Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон холбогдох албаны хүмүүс Шинэ Ховд Бизнес хөгжлийн төв-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" (PROGRES) төсөл нь Улаанбаатар, Орхон, Ховд аймагт 2021-2023 онд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал" юм. GIZ-ийн PROGRES төсөл болон "Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац" ОНӨААТҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Шинэ Ховд Бизнес хөгжлийн төв бий болжээ.
Энэхүү төв нь Ховд аймгийн ЖДҮҮ эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангахын зэрэгцээ, аймгийнхаа бизнес эрхлэгчдэд зориулсан дундын оффис үйлчилгээг явуулж байна.
ЖДҮҮ эрхлэгчдийн тухайд өөрийн гэсэн ажлын байргүйгээс тогтмол үйл ажиллагаа явуулж, цалин орлоготой болж чаддаггүй зэрэг бэрхшээл тулгардаг. Шинэ Ховд Бизнес хөгжлийн төв бий болсноор аймгийн ЖДҮҮ эрхлэгчид орчин үеийн оффисын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон үйлдвэрлэлийн зориулалттай тохилог ажлын байраар хангагдах нөхцөл бүрджээ.
Ховд аймагт 3700 орчим аж ахуйн нэгж бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 50-иад хувь нь сүүлийн гурван жилд байгуулагдсан байна. Иймээс энэ төвийн үйлчилгээ ялангуяа гарааны бизнес эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулж ажлын байрыг хадгалахад чухал үр дүнгээ өгнө.