Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт удаашраад эхэллээ. Чанаргүй зээлийн шуугиан дэгдэж эхэлсэн дариуд зээлийн эргэн төлөлт эрчимтэй хийгдэж, манай улс авлигын улмаас үүссэн хохирлыг барагдуулах тэргүүн эгнээний улсад орох шахсан. Гэвч энэ бүхэн хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн үр дүн.
Ганцхан тоо дурдая 2021 онд авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан 33.8 сая ам.долларын хохирлыг нөхөн төлүүлсэн бол 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 777.4 сая ам.долларын хохирлыг нөхөн төлүүлээд байгаа юм. Энэ тоо эрс өссөн нь "Хөгжлийн банк"-ны зээлийн эргэн төлөлттэй шууд холбоотой. Гэвч сүүлийн саруудад зээлийн эргэн төлөлт удааширч, төлөх чадвартай аж ахуй нэгж ховордсон. Учир нь зээлийн төлөлт хийх боломжийг олгохгүй хорьж цагдахаа урьтал болгож байгаа нь удаашралын гол шалтгаан болоод байгаа гэлтэй.
Харин улс төрчид ам тохироо хийж, ял зэмгүй үлдэх найраагаа аль хэдийнээ хийсэн гэх. Эргэн төлөлтийн хуваариас харвал улс төрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүд улаан, цагаандаа гарчихсан. Хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөгүй компаниудын эргэн төлөлт сайн байна.
Нөгөө талдаа цар тахал, ам.долларын ханшийн зөрүүнд толгой гудайсан аж ахуй нэгжүүд дөнгөж өнгийнхийн даваан дээр дарга, цэргийг нь аваачаад хорьчихсон. Зээл авсан этгээдээ аваачаад хорьчихоор хэн төлөлтөө хийх вэ? Хэн компаниа ашигтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлж, улсын хохирлыг барагдуулах вэ? Үүнийг тооцож үзэлгүй, ялтан болгож шийтгэх нь нэн тэргүүнд авах арга хэмжээ биш гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байх.
Улсаа барьцаалсан энэ их хэмжээний зээлэнд бүдэрчихгүй, дефолт зарлахгүй, нэр цэвэр үлдэх ганц арга бол мэдээж эргэн төлөлтийг хийлгэх. Тиймээс цагаан, хар захтан гэж ялгалгүй эргэн төлөлтөө ижил хэмжээнд шаардаж, дэлхийд харагдах нэр хүндээ авч үлдэх цаг. Эс бөгөөс улс төрд орсон нь хожиж, гадна үлдсэн нь хохирдог жишиг үргэлжлэх учиргүй.
Дахиад хэлье. Улс төрчид халаасаа зузаатгаж, ардын хүүхэд аавын хаалга татах учиргүй. Өнгөрсөн хугацаанд хангалттай хэмжээнд зээлийн эргэн төлөлтөө хийлгэж чадсан. Харин одоо өөр менежментээр эргэн төлөлтийг хийлгэх үе нь ирээд байна. Гадны хөрөнгө оруулагчдад халгаатай хууль эрх зүйн орчныг хууль зүйн сайд нь нэхэж байгаа энэ цаг үед дотоодын хөрөнгө оруулагчдаа ч мохоохгүй байх нь чухал асуудал юм.