Самар экспортлох тусгай зөвшөөрөлтэй тоотой хэдхэн компани нь стандартын шаардлага хангаад, олон улсын жишгээр гэрээлээд, орлогоо бүрэн мэдүүлээд, нийгмийн даатгалаа төлөөд нэмүү өртөг шингээгээд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, улсын орлогод хувь нэмрээ оруулаад явбал хичнээн сайхан. Гэтэл ихэнх нь нэг жилийн настай цаасан дээрх компаниар зуучлан стандарт бусаар боловсруулсан түүхий эдийг хууль зөрчин гаргадаг жишиг олон жилийн нүүр үзэж буй.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 30 орчим аж ахуй нэгжид самар экспортлох тусгай зөвшөөрөл олгосон. Гэвч тэдний тэн хагас нь "цаасан" дээрх компани. Товчхондоо далд эдийн засгийг хөхүүлэн дэмждэг, зүй ёсны татвараас зугатдаг, орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийдэг гээд тоочоод байвал их зовлон бий.
Ашигтай бизнес эрхэлдэг хирнээ, алдагдалтай ажилласан гээд хошуугаа унжуулаад суудаг айлын эрх хүүхдүүдийг цаашид толгойг нь илсэн хэвээр байх уу?
Засгийн газрын тогтоолоор самрыг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд кг тутамдаа 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Гэтэл 2015-2017 оны хооронд бүтэн 3 жил тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн 18 компани улсад 16.8 тэрбум төгрөгийн өр үүсгэж, тухайн компаниудад Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шаардлага хүргүүлж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч арга хэмжээ авалгүй тэгэсхийгээд өнгөрч байв.
"Ингэж болдог юм байна" гэх ойлголт самар экспортлогч компаниудад бий болчихож. Бүүр давраад "нэг" ч ажилтангүй хирнээ 1000 тонн самар экспортод гаргасан аж ахуй нэгжийн ажлыг хэн хийсэн байх уу? Унтаж байх хооронд нь экспортонд 1000 тонн самар өөрөө өөрийгөө ачаад экспортод гарсан байх уу?
Хэрэв татвараас зугатаасан дээрх мөнгөн дүнгээр байгалиа нөхөн сэргээгээд, хушин ойгоо тэлэх зохицуулалт хийгээд явбал магадгүй бид цаашлаад дэлхийн эрэлтийн гуравны хоёрыг бус дангаараа хэрэгцээг нь хангаад хүссэн үнээ хэлээд суухыг ч үгүйсгэхгүй юм. Бидэнд давуу эрх бий. Гэтэл даварсан аж ахуй нэгжүүдээс болж улсад төвлөрөх ёстой татвар "ТЭГ" болж, хушин ой сүйтэх хэмжээнд хүрсэн хэвээр байх уу? Татвар төлөгчид та бүхэн тунгаана бизээ.