Ирэх 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортлох зорилготой "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн монгол орны 21 аймагт нээлтээ хийж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа.
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний Говь-Алтай аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.
Говь-Алтай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 53.4 хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн дөрвөн жилд 312.8 тэрбум төгрөгөөс 376.9 тэрбум төгрөгт хүрч 20.5 орчим хувиар өссөн байна. Мөн тариалалтын тоо хэмжээг 30 га-гаар нэмэгдүүлэн 1415,6 га талбайд үр тариа 330 га, ногоон тэжээл 827 га, төмс 49 га, хүнсний ногоо 84 га, жимс, жимсгэнэ 125,6 га тариалжээ. Өнөөдрийн байдлаар 1380,1 га талбайгаас 2861.0 тн ургац хураан авсан байна. Тус аймаг нь жимс, жимсгэнэ, халтар арвай, эрдэнэ шишээрээ алдартай бөгөөд энэ онцлогтоо тулгуурлан орон нутагтаа хүнсний хувьсгал хийхээр төлөвлөж байна. Мөн улсын хэмжээнд сонгино, сармисны хэрэгцээг 100 хувь хангахаар зорьжээ.
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний Говь-Алтай аймаг дахь нээлтийн үеэр нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн болж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа.
- Үндэсний үйлдвэрлэгч “Бигэр” брэнд
Говь-Алтайн Бигэр суманд 1967 оноос хойш, олон төрлийн жимсээр дарс, согтууруулах ундаа үйлдвэрлэж буй "Бигэр" брэнд нь улсдаа төдийгүй олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Мөн байгуулагдсан цагаасаа хойш 1981 онд БНМАУ ЗХУ-н Сансарын хамтарсан нислэгт шалгарсан, БНМАУ-ын чанарын АЛТАН медаль хүртэж байсан гэх мэт олон нийтийн таашаалд нийцэж, удаан хугацаанд чанараа алдалгүй хадгалж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.
- Алтайн брэнд “Чипсэн ааруул”
Орчин үед хүүхэд багачуудын сүү, цагаан идээний хэрэглээ багассан тул тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ааруулыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Энхтаян" ХХК үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ зөвхөн Монгол Улсад гэлтгүй бусад улс оронд ч бий.
- Орон нутгаа талх, нарийн боовоор хангадаг “Даваатын хишиг” ХХК
Говь-Алтай аймгийн талх, нарийн боовны хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг "Даваатын хишиг" ХХК нь хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангах зорилгоор тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эдийн хангамж хамгийн их хүндрэл учруулдаг тул "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ асуудал шийдэгдээсэй гэж хүслээ.