Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Эрэн сурвалжлах
2022.11.02 14:42
3535
Зам тээврийн осол учраас хүүхдийн эрх зөрчигдөөгүй хэрэг үү?

2022 оны аравдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашиныг мөргөж, явган хүний замаар явж байсан “С” /12 настай, эмэгтэй/, “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан.

Энэ хэрэг болоод 20 гаруй хонож байгаа ч цагдаагийн байгууллагаас "шалгалтын ажил явагдаж байна" гэх үгээр халхлан тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн. Тэгвэл өнөөдөр Ч.Маралмаад Монгол улсын хилээр 6 сарын хугацаанд гарахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээ л авч шийдвэрлэсэн байна. Гэтэл 12хон настай охины биед хүнд гэмтэл учруулсан Ч.Маралмаа гэгч ар гэрийнхэнд нь 10 сая төгрөгийг цувуулж өгөөд л эрх чөлөөтэй явж байна. Харин 12хон настай бяцхан охин цаг минут тутамд айдаст автаж, өвчиндөө шаналан бэтгэрч сууна...

Гэтэл Хүүхдийн төлөө ажиллахаар улсаас санхүүждэг "Нийслэлийн хүүхдийн төлөө газар" охины асуудалд хэрхэн анхаарал хандуулав! Энэ осол гараад бүхэл бүтэн 23 хоног өнгөрч байхад хүүхдийн төлөө байгууллагууд юу хийв!

“Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар” гэх сүржин нэртэй, улсын байгууллага хэргийн материалтай ч танилцаагүй байна. Хүүхэд хамгааллын асуудалд 2022 оны хувьд 8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ мөнгө яг хүрэх ёстой хүүхдүүддээ хүрч байна уу, хэрхэн зарцуулагдав?

Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас охины эрхийг хамгаалахаар хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулахад:

“Энэ осол анхнаасаа зам тээврийн осол гэж бүртгэгдсэн учраас манайд хамаагүй. Бид хэргийн талаар мэдээлэл авахаар хүсэлт өгсөн. Хүсэлтийн хариу ирээгүй байна” гээд хээв нэг хэлж байна.

Зам тээврийн осол болохоор энд хүүхдийн эрх зөрчигдөөгүй хэрэг үү? Яагаад улсын төсвөөр санхүүждэг, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллах ёстой байгууллага өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй нүдэн балай чихэн дүлий мэт байсаар байна вэ?