"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутгийн нээлтийн ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2022.11.02/ Баянхонгор аймгийн "Шинэ суурьшлын бүс"-д өрнөж буй бүтээн байгуулалтын нэг болох "Ингэн Эрдэнэ" ОНӨААТҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын хэмжээнд "ШИНЭ ХҮНС"-нд тооцогдох нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх ажлыг Баянхонгорынхон ийнхүү эхлүүлжээ.
Тодруулбал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны гуравдугаар хуралдаанаар "Ингэн Эрдэнэ" ОНӨААТҮГ-ийг байгуулан, "Баянхонгор аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө, хөдөө аж ахуйг кластараар хөгжүүлэх бодлогод тулгуурлан ингэний ферм байгуулж, сүү боловсруулан нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулах" зорилгод нэгдэн ажиллаж байгаа юм байна. Тус үйлдвэрийн стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь ингэний цэвэр хуурай сүү байх аж.
"Ингэн Эрдэнэ" ОНӨААТҮГ нь Баянхонгор сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 3713 м.кв газар авч, 409 м.кв бүхий ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулах боломжтой болоод байна. Үйлдвэр хоногт 4 тоннн сүүг хатаах хүчин чадалтай. Сүүний олдоц сайн үед тоог дахин нэмэгдүүлж, өдөрт 8 тонн сүүг хатааж хоёр ээлжээр ажиллах боломжтой аж.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа (хоёр ээлжээр) ажиллахад өдөрт 360 кг хуурай сүү боловсруулж зах зээлд нийлүүлэх бөгөөд аймаг орон нутагт төвлөрөх татварын болон бусад ашиг орлого нэмэгдэх юм. Тэмээ бүхий малчин өрхүүдийн орлого нэмэгдэн аймгийн төв, тэмээ бүхий сумдад байнгын ажлын байр бий болж, Баянхонгор аймгийн тэмээн сүргийн тоо толгой өсч, таваарлаг чанар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ хэмээн тооцжээ.
Барилгын тухайд оффисын өрөө танхим хоёр, бусад нь үйлдвэрлэлийн 10 гаруй талбай өрөөтэй, ажилчдын орчин иж бүрэн буюу хувцас сольж хадгалах өрөө, ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүрийн өрөө, амрах өрөөтэй. Барилгын гүйцэтгэгч "Базардарь" ХХК-ийн тайлбарласнаар цахилгааны монтаж, харуул хяналтын систем, шалан дороосоо халах технологи, сантехник бүгд орчин үеийн стандарттай. Одоо тус үйлдвэрт халаалт, цахилгааны асуудал шийдэгдвэл барилга товчлуураа дараад, бүх зүйл ажиллахэд бэлэн гэв.