Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.03 09:26
1130
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар орон нутгийн хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрүүдэд ажиллаж байна.

Энэ хүрээнд Баянхонгор сумын "Сүлдэн Тэнгэр" хоршооны "Торлон" талх нарийн боовны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Торлон" талх нарийн боовны үйлдвэр нь нутгийн ууган хүнсний үйлдвэр бөгөөд нийт 40 гаруй иргэдийг ажлын байраар ханган, 38 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн орон нутгийн зах зээлд нийлүүлж байна.

Аймгийнхаа талх нарийн боовны хэрэглээний 80 хувийг хангадаг тус үйлдвэр ОХУ-ын Стратус компанитай хамтран 5 төрлийн, олон үртэй талхыг нутагтаа үйлдвэрлэж эхэлжээ.

2019 онд ISO 9001:2015 чанарын стандартыг үйлдвэртээ нэвтрүүлсэн.

"Торлон" талх нарийн боовны үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, хөгжүүлж байгаа бөгөөд 2019 онд Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Менежментүүдийн Зөвлөхүүдийн Холбоотой хамтарч ISO 9001:2015 чанарын стандартыг хүнсний үйлвэртээ нэвтрүүлжээ. Ингэснээрээ чанарын стандартыг орон нутагтаа нэвтрүүлж буй анхны үйлдвэр болжээ.

Тус хамт олон цаашид олон улсын үйлдвэрлэлийн технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн, үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээгээ улсын хэмжээнд тэлж, Үндэсний брэнд болох зорилттой ажиллаж байна.