Орон нутаг
2022.11.04 12:53
1347
Баянхонгор аймаг дэлхийн зах зээлд чиглэсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай болон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймагт ажиллалаа.

Баянхонгор аймаг нь мах, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Харин улаанбуудай болон гурилын хэрэгцээгээ бусад аймаг, орон нутгаас хангаж байна. Мөн хүн амын нягтаршил багатай тул томоохон хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Нийслэл Улаанбаатар хот руу нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгдэж үнэд нөлөөлдөг тул бүтээгдэхүүнээ борлуулж чаддаггүй. Иймд нутгийн удирдлагууд гаднын улс руу чиглэсэн экспортын бүтээгдэхүүн бий болгоход анхаарч байна.

Хүнсний тухай хуульд аймаг, орон нутгийн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг нутгийн удирдлагад үүрэг болгосон байдаг. Иймд Баянхонгор аймгийн удирдлагууд бодлого шийдвэртээ дээрх агуулгыг тусгаж, иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай .. нар Баянхонгор аймгийн хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа.

  • Бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүйн улмаас сүүлийн гурван жил үйл ажиллагаагаа зогсоожээ

Баянхонгор аймгийн WELL Хүнсний үйлдвэр нь 2007 оноос эхлэн цэвэр байгалийн гаралтай, хүний биед хор нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо болон дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилгоор үйлдвэрлэж эхэлсэн. Хэдий тус үйлдвэр 1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч, тоног төхөөрөмжөө шинэчлэн, үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулсан боловч орон нутгийн жижиг зах зээлд борлуулалтаа хийхэд хүндрэл их бий. Мөн нийслэл Улаанбаатар хотод нийлүүлэхэд тээврийн зардал нэмэгддэг нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, бусад ижил төрлийн үйлдвэрүүдтэй өрсөлдөж чаддаггүй байна. Уг шалтгаанаар эх орныхоо үржил шимт хөрсөнд ургуулсан витаминлаг чанараараа дэлхийд тэргүүлэх чацарганаар хийсэн бүтээгдэхүүнүүд дахин үйлдвэрлэгдэх боломжгүй болжээ. Иймд бусад улс оронд экспортлох зорилготой "Жигүүр богд" группын WELL хүнсний үйлдвэр ажиллаж байна.

  • “Агин өндөг” компани 10 мянган өндөглөгчтэй болох зорилттой

Баянхонгор аймгийн Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг "Агин өндөг" ХХК нь 3500 өндөглөгчтэй, өдөрт 3000 өндөг нийлүүлэх хүчин чадалтай. Орон нутгийнхаа нийт хэрэгцээний 5 хувийг хангадаг бөгөөд цаашид энэ хувийг нэмэгдүүлэх зорилттой байна. Одоогоор 10 мянган өндөглөгчийн байр бэлдсэн ч өндөглөгчдийнхөө тоог нэмж чадаагүй байна. Баянхонгор аймагт ОХУ-аас өндөг ирдэг нь дотоодын өндөгнөөс хямд үнэтэй, хадгалах хугацаа урттай байдаг. Энэ нь "Агин өндөг" ХХК-ийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг гэв.

  • Дэлхийд өрсөлдөх Ингэний сүү боловсруулах үйлдвэрийн төсөл

Ингэний сүүний илчлэг чанар нь 108,8 калори буюу үнээний сүүнээс бараг нэг дахин их байдаг. Ингэний сүүг монгол эмчилгээнд хаван хөөх, сүрьеэ, зэрэг өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Мөн ингэний сүү хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвчилдөггүй гэсэн судалгаа бий. Тэгвэл Баянхонгор аймагт дэлхийд үнэлэгдсэн Монгол брэнд бий болгох Ингэний сүүний үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Тодруулбал "Ингэн-эрдэнэ" ОНӨААТҮГ нь 2021 онд "Баянхонгор аймгийн хөгжлийн төлөвлөгөө, хөдөө аж ахуйг кластераар хөгжүүлэх бодлогод тулгуурлан ингэний ферм байгуулж, сүүг хатааж нэмүү өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нэгдсэн үйл ажиллагаа явуулах" зорилгоор байгуулагдсан. Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор цагт 500 литр сүү боловсруулж, байнгын 270, түр 210 хүний ажлын байр бий болж, тус үйлдвэрийг дагасан олон жижиг, дунд үйлдвэр бий болох юм.

  • 5 жилийн хугацаанд жижиг цехээс томоохон үйлдвэр болон өргөжсөн “Торлон” брэнд

Сүлдэн тэнгэр хоршооны "Торлон" талх, нарийн боовны үйлдвэр 5 жилийн дотор жижиг цехээс орон нутгийнхаа хэрэгцээг 100 хувь хангадаг томоохон үйлдвэр болжээ. Тус үйлдвэр 40 хүнийг ажлын байраар хангаж, өдөрт 4-5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Герман улсын технолгийг орон нутгийн үйлдвэрлэлд нэвтрүүлж 37 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.