2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэний нийгмийн байгууллагуудын гаргасан эсэргүүцлийн жагсаал эцэстээ 200 гаруй залуусыг торны цаана суулгаж, 5 залуугийн аминд хүрсэн.
Тэгвэл өнөөг хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй, жагсаалд залуусыг уриалж байсан зарим нь төрийн сэнтийд залраад сураггүй болсон. Өнөөдөр хохирогчдын ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд 2008 оноос хойш олон нийтэд задраагүй шинэ баримт байгаа учраас дэлгэхээр шийдсэн гэдгээ хэлж байсан юм.
Тэрбээр; "Хэрэг хуучирдаггүй , тухайн үед гэмгүй залуус руу гал нээхийг тушаасан цагдаагийн байгууллагын удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл хэн нь ч хариуцлага хүлээгээгүй, харин ч бүр албан тушаал ахисан асуудалд цэг тавих хэрэгтэй. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд Ц.Мөнх-оргил, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, О.Магнай нар өнөөдөр хариуцлага хүлээх ёстой.
Гэтэл залуусыг уриалан дуудаж бослого гарах хэмжээний их үймээнд турхирчихаад эцэст нь өөрсдөө уснаас хуурай гарсан асуудалд өнөөдөр хүртэл хохирогчдын ар гэрийнхэн ихээхэн гомдолтой байгаа бөгөөд гэм буруутай этгээдүүдэд зохих ёсны шийтгэл хүлээлгэхийг холбогдох хууль хяналтын байгууллагад шаардлагаа хүргүүлж байна" гэлээ.
Болсон үйл явдалыг эргэн сануулахад, 2008 оны УИХ-ын 5 дахь удаагийн сонгуулиар одоогийн МАН буюу МАХН 41 суудал, Ардчилсан нам 29 суудал, бусад нам эвсэл 4 суудал авсан үр дүн гарсан ч Ардчилсан нам болоод иргэний нийгмийн байгууллагууд, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар эсэргүүцэн төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан ч эцэстээ үймээн, хүчирхийлэлд хүрч 5 сайхан залуу амиа алдсан юм.
Эцэст нь жагсаал зохион байгуулсан этгээдүүд хариуцлага хүлээх нь битгий хэл Ж.Батзандан Ардчилсан намд элсэж УИХ-ын гишүүн болсон бол О.Магнайгийн хувьд ШӨХТГ-ын дарга болсон түүхтэй. Тэгвэл өнөөдөр хохирогчдын ар гэрийнхэн гэм буруутай этгээдүүдийг тогтоон зохих хариуцлага хүлээлгэхийг ийнхүү шаардлаа .