Нийгэм
2022.11.07 16:01
5317
Монголчуудын дунд архинд донтох өвчлөл 50 дахин нэмэгджээ

Сархад савнаасаа бусдыг гэдэг.  Гэтэл манай хүн амын дундах архины хэрэглээ аль хэдийн олон улсын стандарт хэмжээнээс хэтэрчихсэн.  Бүр архинд донтох эмгэг 50 дахин өссөн гэх үзүүлэлтийг албаныхан гаргажээ. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл, гэр бүл салалт ажилгүйдэл гэх зэрэг сөрөг үр дагавар нь эцэс сүүлдээ нийгэм дэхь тархины ядуурлыг бий болгож байгаа бөгөөд цаашлаад Монгол хүний удамшлын санд ихээхэн хор хөнөөл учруулж мэдэхээр нөхцөл байдал хэдийнээ үүсжээ.  

Дэлхий дахинд нэг хүнд ноогдох архины жилийн хэмжээ 5 литрээс багагүй байхад манайд 10 литрээс их байгаа нь архи аюулын харанга дэлдэж эхэлсэнийг тодхон харуулж байна. 

Иймд согтууруулах ундааны нэг удаагийн стандарт хэмжээг тогтоох, хэрэглээг бууруулах, шат дараалалтай арга хэмжээ авах шаардлага тулгарч байгаа юм.   Сүүлийн 5 жилд 20,000 орчим хүн архины эмчилгээнд хамрагдсанаас 5000 нь албадан эмчилгээ, үлдсэн нь сайн дураараа хамрагдсан байна.  Гэвч архинаас үүдэлтэй гэмт хэрэг, хүчирхийлэл, өвчлөл, нас баралт буурахгүй, харин ч эсрэгээрээ өдрөөс өдөрт улам бүр нэмэгдсээр байна.  

Саяхан л гэхэд ганц шөнийн дотор 500 гаруй согтуу жолооч саатуулагдсан асуудал нь Монголчуудын архины хэрэглээ хэр түвшинд байгааг бэлхнээ харж болохоор байгаа юм. 

Цаашлаад архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа газрууд болон найман нэрийн хүнсний дэлгүүрүүдэд олгодог тусгай зөвшөөрлийн тоог бууруулах , зөвшөөрөл олгодог журамд хатуухан шаардлага тавьдаг байх хэрэгтэйг өдрөөс өдөрт өсөж байгаа гэмт хэрэг, архинд донтох эмгэгийн тоо харуулсаар байна.  

Б.Уянга