Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.11.09 16:30
4236
Улс төрийн өш хонзонгоор удирдах албан тушаалтнууд дээр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан эсэхийг төр бодох ёстой

Засгийн газар хуралдаж, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Ер нь бид шинэ залуу боловсон хүчин, шинэ хандлага, шинэ соёлыг өлгийдөж авах чиглэлд дээр дооргүй илүү элгэмсэг ханддаг болох нь зайлшгүй шаардлагатай байна гэж харж байна. Өчигдөр Б.Болор-Эрдэнэ дэд сайдын асуудал, Д.Сарангэрэл сайдын асуудал, Ж.Соронзон захирлын асуудалтай холбогдоод ер нь Монголын төр эмэгтэйчүүдэд их хатуу байна гэсэн зүйлийг олон нийт шүүмжилсэн. Зарим талаараа бид санал нэгдэж байгаа юм.

Дан ганц төр дангаараа шийдвэр гаргаад эдгээр хүмүүсийн хэвийн ажиллах нөхцөлийг хангахгүй байна уу гэвэл өрөөсгөл. Манай нийгмийн шүүмжлэл, ялангуяа эмэгтэй хүнд ажил хөдөлмөр эрхлэхэд олон талын хүндрэл бэрхшээл байдаг нь олон улсын манай дотоодод хийгддэг судалгаагаар илэрдэг. Тэгэхээр эмэгтэйчүүдийг удирдах түвшинд ажиллуулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, илүү дэмжиж, боломжийг олгож өгдөг төр болно гэдэг бол мэдээж амаргүй. Гэхдээ бид шантрахгүйгээр урагшилна.

Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, "Олон нийтийн зүгээс буруу ойлголт авсан байна бас олон нийтийн дарамт шахалт их байгаа учраас цаашдаа ийм сэтгэл зүйтэйгээр яг энэ ажлыг үргэлжлүүлээд явах боломж бололцоо алга байна" гэдэг зүйлийг өөрөө илэрхийлсэн.

Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар өөрийнх нь өргөдлийг үндэслээд чөлөөлсөн гэхдээ ЗГ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнууд энэ хүний олж ирсэн мэдлэг туршлагыг нь и-монгол дээр цааш нь ашиглавал их зүгээр байна шүү гэдэг саналыг с хэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Мөн зориуд, зохион байгуулалттайгаар зарим тохиолдолд улс төрийн өш хонзон өвөрлөх зорилгоор удирдах албан тушаалтнууд дээр зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан тохиолдолд яах вэ гэдгийг засгийн газар их сайн бодож байх ёстой шүү гэдгийг ч хэлсэн. Төр хариуцлагатай болохоосоо өмнө хэврэг болчихвий дээ гэдэгт болгоомжтой хандах хэрэгтэй" гэлээ.