Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.09 17:31
1693
УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 бүлэг, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг төрийн болон төрийн өмчид орон нутгийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүд, олон улсын байгууллагуудад танилцуулах уулзалтыг зохион байгуулсаар байна.

Өнөөдөр /2022.11.09/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын алба КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүдтэй мэдээлэл солилцох, танилцах уулзалт хийлээ.

Уулзалтад КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрыг төлөөлөн:

  • КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүн Му,
  • КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Минжү,
  • КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Хөгжлийн координатор Пак Мисон,
  • КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Лий Гилху,
  • КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч Э.Ундрал

Хүнсний төсөл хөтөлбөрын ажлын албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Ахлах референт Д.Цэвээндорж,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа,
  • Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны сэтгүүлч Д.Намуун нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Мөн КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн багийн зүгээс Монгол улсад хэрэгжүүлж байгаа төслийн талаар танилцуулга хийлээ.

КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого (Алсын хараа 2050), Монгол улсын засгийн газрын үйл ажиллаагааны хөтөлбөр 2020-2024, БНСУ-ын засгийн газрын Монгол улстай хамтран ажиллах 3 дахь стратеги (Country Partnership Strategy 2021-2025), КОЙКА-гийн Монгол улсад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө (Country Plan)-нд тулгуурлан ХАЁТ-ийг хэрэгжүүлж байна.

КОЙКА-гийн Монгол улсад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний гол салбарууд: хот байгуулалт, төрийн захиргаа, зам тээвэр болон хөдөө аж ахуй. 2021 онд нийт 19 сая 240 мянган ам доллар орчим тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө: 11-н төсөл: 14 сая 190 мянган ам.доллар, сайн дурын ажилтан томилох хөтөлбөр: 3 сая 130 мянган ам.доллар, Төр, хувийн Түншлэлийн 8-н төсөл: 1 сая 170 мянган ам.доллар, Сургалтын төсөл: 750 мянган ам.доллар.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг нийт 27 төрийн байгууллага, 21 аймгийн засаг захиргаа, олон улсын байгууллагууд, нийслэлийн болон орон нутгийн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд танилцуулаад байна.