Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.11.10 13:25
16332
Б.Жавхлан: ОУВС-гаас зээл авахад үргэлж нээлттэй ч бид өөрсдөө бүх нөөцөө дайчилж ажиллах шаардлагатай

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай болсон гэх асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөлд орсон уу?

Бид 180 орныг элсүүлсэн энэ том олон улсын байгууллагын гишүүн нь. Энэ байгууллагаас Монгол Улс зээл тусламж авах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүрэн эрхтэй бие даасан гишүүн. Түүнээс биш ОУВС аль ч улс гишүүнчлэлдээ тулгадаггүй. Ийм зээл ав, ийм хөтөлбөр ав гэж тулгадаггүй, энэ бол тухайн улс орны өөрсдийнх нь сонголт. 

Сая УИХ-ын дарга маш зөв нарийн тоо хэллээ. Жилдээ 10 гаруй улс эдийн засаг хэвийн үед ОУВС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг хэвийн харилцаа гэсэн үг. Энэ жилийн хувьд маш олон улс буюу 44 улс хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаа. Нэмээд 20 гаруй улс зээлд хамрагдахаар хүсэлтээ өгсөн гэсэн мэдээ байна.

Манай улсын хувьд гишүүнийхээ эрхийн хүрээнд хөтөлбөр шаардлагатай үед хамрагдах бүрэн боломжтой, хэзээ ч нээлттэй байдаг асуудал. Гагцхүү Засгийн газар л шийдэх асуудал.

- Хэдий хэмжээний зээл шаардлагатай вэ?

Хэдий хэмжээний зээл авах вэ гэдэг нь ямар төсөлд хамрагдах вэ, ямар нөхцөлтэй байх вэ гэдгээс шалтгаалдаг. Ийм зээл авъя, ийм хөтөлбөр авъя гэдэг шийдвэрийг Засгийн газар огт гаргаагүй байна.

Хэдийгээр төлбөрийн тэнцэл дээрээ алдагдалтай, төв банкны валютын нөөц хангалттай хэмжээнд биш байгаа нөхцөлд 2023 оны төсвийг өргөн барьсан. Төсөв дээр төлбөрийн тэнцэлд ээлтэй байхаар, эдийн засгийн алдагдал, ачааллыг нэмэгдүүлэхгүй байхаар хөрөнгө оруулалт тал дээр хичээж ажилласан. Урсгал зардал өслөө гэж байна, жил бүр л өсдөг. Энэ өссөн гээд байгаа урсгал зардал 2018 оны урсгал зардлын түвшинд байгаа. Зарим сайд нарын урсгал зардал 2018 оныхоос ч бага байгаа. Нэмэгдсэн урсгал зардал нь тэтгэвэр, халамж гэх мэт механикаар өсч байгаа тоонууд байгаа.

Иймээс өөрсдөө хичээж, валютын нөөцийн шокноос гаргах арга хэмжээнүүдээ Засгийн газар тултал авах шаардлагатай. Үнэхээр богино хугацаанд алдагдлаа нөхөх боломж хязгаарлагдмал байвал дараагийн хувилбаруудаа бодох хэрэгтэй, гэхдээ хүндрэлээс гарах бүрэн боломжтой.

Гагцхүү 2020, 2021 онд экспорт маш хязгаарлагдмал байсан. Энэ дээр шок үүссэн. Экспортоо харах юм бол богино хугацаанд валютын нөөцийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлаас гарах, хэвийн хэмжээнд хүрэх боломж байгаа. Бүх нөөцөө дайчилж ажиллах л шаардлагатай.

- Цаашдаа нөхцөл байдал сайжрахгүй бол ОУВС-ийн хөтөлбөрт  хамрагдахаас аргагүй юу?

ОУВС-гийн энэ хөнгөлөлттэй зээл бидэнд үргэлж нээлттэй. Өнөөдөр ч, он гараад ч, хэзээ ч нээлттэй.  Заавал түүнд хүрэхгүйгээр бид өөрсдөө потенциалаа дайчилж ажиллах шаардлагатай.