Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Орон нутаг
2022.11.11 13:55
2891
Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт “Хүнсний хувьсгал" эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт Эх орны зүүн өмнөд бүсийн хилийн манаа Дорноговь аймагт амжилттай болж, өндөрлөлөө. Зөвлөгөөнд аймгийн жижиг дунд, үйлдвэр үйлчилгээ, хүнс, газар тариалан, мал аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд, малчид, фермер зэрэг 14 сумын 65 багийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр "Ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах" зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, орон нутгийн хүнс үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал болон салбарын хөгжил, дэвшил, гарц, шийдэл, үндэсний хөдөлгөөнд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцооны талаар хэлэлцлээ.

Тодруулбал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал "УИХ-ын 36-р тогтоол болон ЕТГ-ын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны танилцуулга",
  • Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр "Хүнсний тогтвортой нийлүүлэлт, аюулгүй байдлыг хангах тогтолцоо, шийдэл",
  • Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал "Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөогөөнийг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулах" талаар тус тус дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Эх орны хөрсөнд ургуулсан эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх нь хүн бүр эрүүл аж төрөхийн үндэс. Цаашлаад тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл болоод байна.

Дорноговьчууд хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлнэ

Дорноговь аймаг говийн бүсийн онцлогтоо тохируулж, тэмээн сүргийн ашиг шимээр үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүн гарган авах, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон бусад хүнсний аж ахуй хийгээд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд онцгой анхаарах бодлого баримталж байна.

Мөн газрын тосны үйлдвэр, шинэ төмөр зам болон бусад үйлдвэр технологийн хөгжлөө дагасан бодлого баримталж хүнсний салбараа кластер хэлбэрээр хөгжүүлэн хүнс экспортлох зорилт тавьжээ. Сүүлийн үед хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо аймгийн хэмжээнд нэмэгдсэн бөгөөд иргэд эх орны хөрсөнд цэвэр органик бүтээгдэхүүн тариалж өөрийн болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэх хүсэл зорилго нэмэгдэж буй нь эерэг өөрчлөлт аж.

Одоогийн байдлаар Дорноговь аймгийн тариаланчид хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 13 орчим, махны хэрэгцээний 100 хувь, сүүний 60 гаруй хувь, өндөгний 60 гаруй хувийг дотоодоос хангаж байна.