Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.14 19:23
2926
Э.Түвшинтулга: Хөл нь дотор эрхтэн болоод тархи мэдрэлтэй холбогддог учраас эрүүл, эко гутал үйлдвэрлэх нь бидний эрхэм зорилго

Нийгэм, эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг, хөгжил дэвшлийг түүчээлдэг эрхэм хүмүүс бол баялаг бүтээгчид юм. Эх орондоо баялаг бүтээж, ихийг хийж байгаа тэднийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос алдаршуулж, “Баялаг бүтээгч” нэвтрүүлэгтээ оролцуулдаг. Тэгвэл манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний үйлдвэрлэгч “Миний гутал” компанийн Гүйцэтгэх захирал Э.Түвшинтулга оролцож, цар тахлын хүнд хэцүү цаг үед хэрхэн бизнесээ авч үлдсэн хийгээд, үйл ажиллагаагаа өргөжин тэлж, олон хүмүүст урам зориг өгсөн тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Нэвтрүүлгийн зочин Э.Түвшинтулга өөрийн хүсэл, сонирхлоо дагаж аавынхаа бизнесийг өвлөн авахаар сэтгэл шулуудан энэ салбар руу орсон. Түүний аав анх гутал засварчнаас бизнесийн гараагаа эхлүүлж байсан. Харин Э.Түвшинтулга аавынхаа тавьсан суурийг өөрийн биеэр босгож, өдий зэрэгт хүргэсэн юм. Тэрбээр, “Би багаасаа аав шигээ хүн болохыг хүсдэг байсан. Миний аав хөдөлмөрч, тууштай, үлгэр жишээч хүн. Шинэ үйлдвэрийн байртай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд аав минь үргэлж зааж, сургаж, нөмөр нөөлөг болдог байсан, болсоор ч байгаа” гэлээ.
“Миний гутал” компани нь 2011 онд гутлын засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2017 онд гутлын үйлдвэрлэл хийж эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 100-120 гутал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд монгол хүний эрүүл мэндэд тустай, чийг татахгүй гутал хийдэг онцлогтой. Мөн хөл нь  хүний тулгуур эрхтэн бөгөөд, хөлийн уланд байх олон цэгүүд нь дотор эрхтэн болоод тархи мэдрэлтэй холбоотой байдаг. Тиймээс эрүүл, эко гутал үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэх нь тэдний эрхэм зорилго гэлээ. Үүний дээр жил бүр бүтээгдэхүүнийхээ загвар дизайн, чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг.
Манай нэвтрүүлгийн баг “Миний гутал” компанийн  шинэхэн үйлдвэрийн байртай очиж танилцахад тохилог, тах тухтай орчин, халуун дулаан уур амьсгалтай найрсаг дотно хамт олон биднийг угтсан. Ихэвчлэн залуучууд ажиллаж байсан нь сонирхол татсан юм. Тэдний хамгийн залуу ажилчин 20 настай Т.Пүрэвдаш. Тэрээр анх 18 настайдаа “Миний гутал” компанид ажиллаж эхэлсэн. Энэ хоёр жилийн хугацаанд залуу хүн хөдөлмөрлөж, тууштай зүтгэж чадвал амжилтад хүрч болдгийг захирлаасаа олж харсан гэдгээ хуваалцсан юм. Э.Түвшинтулга захирлын хувьд эерэг хандлагатай хэн бүхнийг өөрийн хамт олондоо нэгтгэж, залуу үеэ дэмжин, эхнээс нь бүгдийг нь зааж сургадаг эгэл хэрнэ эгэлгүй нэгэн байлаа. Түүнчлэн монголдоо хамгийн том гутлын үйлдвэртэй болно гэсэн зорилготойгоор анх ажлаа эхлүүлж байсан бол одоо эрүүл, эко, чанартай гутал үйлдвэрлэх нь хамгийн чухал гэдгийг ойлгож, цаашдын зорилгоо өөрчилсөн гэлээ.

Энэ мэт өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон баялаг бүтээгчид бий. Гагцхүү төр засгийн зүгээс хөрөнгө санхүү гэхээсээ илүүтэйгээр бодлогоор дэмжиж өгвөл аль ч салбар хурдан өсөж, өндийх боломжтой гэдгийг Э.Түвшинтулга захирал хэлсэн юм. Мөн “Бидний ирээдүй гэрэлтэй байна, сайхан цаг ирж байна” хэмээн нэвтрүүлгийн яриаг өндөрлөлөө.