Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.16 15:56
2498
"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, 21 аймагт нээлтээ хийгээд буй. Орон даяар өрнөж буй тус хөдөлгөөний нээлт өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод эхэллээ.

Нээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас:

  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөрийн албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрыг төлөөлөн:

  • Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар
  • Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан,
  • Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва
  • Нийслэлийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг албаны хүмүүс, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын 1200 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого" сэдэвт илтгэл тавьж, нийслэлээс ирэх 5 жилийн хугацаанд хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн хүн амыг хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр хангах талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд танилцууллаа.

Тэрбээр "Өсөн нэмэгдэж байгаа хүнсний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодоос хангах, импортын бүтээгдэхүүний хамаарлыг бууруулах, хүнсний сүлжээний бүхий л үе шат бүрд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нь чухал. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг 21 аймаг, 330 сумаас нийслэлд нийлүүлдэг. Энэ утгаараа нийслэл нь Монгол Улсын эдийн засгийн гол төв бөгөөд улсын хэмжээнд хүнсний хангамжийн нийлүүлэлт, түгээлтийн гол зангилаа. Тиймээс ч "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд нэгдэн, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнс экспортлогч улс болох зорилтыг хангахад манлайлан оролцох болно" хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва "Улаанбаатар хотын хүнсний хангамжийн өнөөгийн байдал", Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг оролцогчдод танилцуулж, төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан оролцогчдоос санал хүсэлт авлаа.

Мөн арга хэмжээний үеэр нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж, мах, сүү, үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг голлон хангаж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар хүрэлцэн ирж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийллээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Хүнсний ногоо, үр тариа, мах, сүү зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгч аймгийн хувьд хүн амыг эрүүл, аюулгүй, сайн чанарын хүнсээр хангах үүднээс энэхүү хөдөлгөөнд манлайлан оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногоо, үр тариа, мах, сүүний нэлээд хувийг Сэлэнгэ аймаг нийлүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зоорь, байгууламж, сав баглаа боодол нийлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бие биенээ дэмжин ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, компаниудад уриалж байна" гэв.

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд Улаанбаатар хот нь иргэдийнхээ хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн, тахианы мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, ургамлын тос, давс, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, хүлэмжийн ногооны хэрэгцээг ирэх таван жилийн хугацаанд дотоодоос бүрэн хангах зорилго тавин ажиллах юм.