Б.Батчимэг
Сэтгүүлч
Эдийн засаг
2022.11.16 18:47
2156
ХААН БАНК 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН УРТ ХУГАЦААТ САНХҮҮЖИЛТ АМЖИЛТТАЙ ТАТЛАА

ХААН Банк Нидерландын Хөгжлийн банк (FMO)-тай 120 сая ам.долларын урт хугацаат хамтарсан санхүүжилттэй зээлийн гэрээг 2021 оны 9сард байгуулж, эхний санхүүжилт болох 60 сая ам.долларыг хүлээн авч байсан билээ. Тэгвэл тус гэрээний үлдсэн санхүүжилт болох 60 сая ам.долларыг 2022 оны 10сарын 28-ны өдөр амжилттай татлаа. Энэхүү 120 сая ам.долларын санхүүжилтийн 80 сая ам.долларыг ЖДБ эрхлэгчдийг дэмжих, 20 сая ам.долларыг ногоон зээл, төслүүдийг санхүүжүүлэх, үлдсэн 20 сая ам.долларыг банкны бусад төрлийн зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Эхний 60 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд Монголбанктай урт хугацаат своп хэлцэл хийж, 182.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болгон ЖДБ эрхлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагааг дэмжих эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлийн хэлбэрээр бүрэн олгоод байна. Санхүүжилтийн үлдсэн хэсэг болох 60 сая ам.долларыг ногоон төсөл хөтөлбөрүүд болон жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах юм.

Нидерландын Хөгжлийн банк (FMO), Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн банк (DEG), Францын Хөгжлийн банк (Proparco),  Щвейцарийн “Atlantic Forfaiting AG”-аас ХААН банканд энэхүү томоохон эх үүсвэрийг олгосон нь талуудын урт хугацаат түншлэлийн харилцаа, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бататгахаас гадна ХААН Банкны харилцагчид, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэг үр нөлөө авчрах санхүүжилт болж байна.

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “Макро эдийн засгийн сорилтуудтай эдийн засгийн эмзэг энэ цаг үед бид энэхүү санхүүжилтийг амжилттай татаж чадсандаа баяртай байна. FMO болон олон улсын хөрөнгө оруулагч бусад байгууллагууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад туйлын талархаж байна. Энэхүү санхүүжилтээр бид жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгч харилцагчдын бизнесээ тэлэх, тогтвортой өсөлтийг дэмжихэд нэн шаардлагатай урт хугацаат санхүүжилтийг олгохын зэрэгцээ ногоон төсөл хөтөлбөрүүдийг дэмжих болно” гэж онцолсон юм.  

Нидерландын Хөгжлийн банк (FMO)-ныСанхүүгийн байгууллагын газрын захирал Марникс Монсфорт “ХААН Банктай бид урт хугацаанд хамтран ажиллаж, сүүлийн 10 гаруй жилийн турш манай Монгол дахь түнш байсаар ирсэн билээ. Хамтарсан санхүүжилтэд оролцсон байгууллагуудынхаа хамтаар бид ХААН Банкны ЖДБ эрхлэгч харилцагчдын бизнесийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, ХААН Банкны ногоон зээлийг нэмэгдүүлэх энэхүү аялалд хамтдаа гарч байгаадаа маш их баяртай байна” гэж цохон тэмдэглэлээ.

Францын Хөгжлийн банк (Proparco)-ныСанхүүгийн байгууллага хариуцсан захирал Гонзаг Монреал "FMO-гийн удирдлага дор санхүүгийн бусадбайгууллагуудтай хамтран босгосон энэхүү санхүүжилтээр ХААН Банкны жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдыг дэмжихэд хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж байна. ХААН Банк нь Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм.  Банкны ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын хөгжилд тулгарч буй тодорхой сорилтуудыг шийдвэрлэх чухал арга зам болж байна” хэмээн дүгнэв.

Германы Хөрөнгө оруулалт, хөгжлийн банк (DEG)-ны Санхүүгийн байгууллагуудын Ногоон уур амьсгалын мэргэжилтэн Александр Шульзе "Стратегийн түншийн хувьд бид ХААН Банкны ЖДБ болон ногоон зээлийг дэмжих хэлцэл амжилттай хэрэгжих, мэргэжлийн техникийн туслалцаатайгаар банкны ногоон санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Бидний урт хугацааны түнш ХААН Банк нь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, дотоодын ЖДБ эрхлэгчдийг дэмжих замаар Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Atlantic Forfaitierungs AG байгууллагын төлөөлөл: "Бид Монгол Улсад импорт, худалдаа, санхүүжилтийн чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн санхүүжилтээр манай урт хугацааны түнш болох ХААН Банктай хамтран нүүрсхүчлийн хийг бууруулах замаар тогтвортой, ногоон эдийн засагт шилжих энэ үйл явцыг дэмжин ажиллах болсондоо туйлын баяртай байна. Мөн FMO-той үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн бусад бүс нутагт хэрэгжүүлж байсантай адилаар Монгол Улсын ЖДБ-ийг дэмжижбайгаадаа маш их талархаж байна” гэж онцолсон юм.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк