Улс төр
2022.11.17 13:54
3807
Л.Ганхөлөг: Үзэл бодлоо илэрхийлсэн залууст цахим гав зүүдэг, хорьдог жишиг тогтчихлоо
Ардчилсан намаас Монгол Улсын 2023 оны төсвийн талаар болоод, залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хясан боогдуулж буй асуудлаар мэдээлэл хийлээ. 
 
 
АЗХ-ны Тэргүүн Н.Болдбаатар: "Төрийн гол үүрэг бол ард түмний өрхийн орлогыг нэмэгдүүлэх. Гэтэл Монгол Улсын өр хоёр дахин өсч, Монгол хүн бүр 30 сая төгрөгийн өртэй боллоо. Өдрөөс өдөрт аж ахуй нэгжүүд дампуурч байна. Аж ахуй нэгжээ дэмжинэ гэчихээд эрх баригчид өөрсдөө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкны зээлийг авчихсан. Эрх баригчид та бидний татварын мөнгөөр гадаадад зугаалж байна. Эрх мэдэлтнүүд өөрийн аймагтаа хамгийн их төсөв тавьж батлуулж байна. Цар тахлаар хэдэн их наяд төгрөг үрэв, Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юу, шалгаагүй.
Өнөөдөр 60 саяын сарнай гарангуут 60 тэрбум, Хөгжлийн банкны луйвар, 60 тэрбум, ковидын луйвар дарагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих ёстой.”
 
Л.Ганхөлөг: "Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэвч эрх баригчдыг шүүмжилсэн болгонд цахим гав зүүж, ял өгч байна. Хүн болгоныг айлган сүрдүүлэх алхам хийж байна. Саяхан таван залууд шүүхээс ял өгсөн. Ардчилсан залуучуудын холбоо таван залуугаа өмөөрнө.
Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Одоо бид залуучуудаа барьж хориулахгүй, хоривол босно. Өчигдөр Д.Монголхүү цахим гав зүүлээ.
Э.Одбаяр бид нарын таван залуучуудад мөн цахим гав зүүхээр ингэж ялласан байж байгаа. Эдгээр залуучууд бол Засгийн газрыг хамгийн хүчтэйгээр шүүмжилж, үзэл бодол үг хэлэх эрхээ тайван замаар илэрхийлдэг  залуучууд байгаа нь тохиолдлын хэрэг биш. Эд нар өөрсдийг нь шүүмжилж байгаа эдгээр залуучуудыг бүр сонгон шилж байгаад яллаж байгаа. Өөрсдийгөө шүүмжлүүлэхгүйн тулд яллаж байгаа. Тэр нь  үг хэлж үзэл бодлоо илэрхийлэхийг хориглож  байгаа асуудал юм.