Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.11.20 11:45
1808
Ж.Сүхбаатар: Алматы хотын авто замын түгжрэл бууруулах туршлагаас судалж, хамтран ажиллана

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, зөвлөх компани болох “PwC” (“Pricewaterhouse Coopers”) компанийн Евроазийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан төлөөлөгч  Наталъя Лим,  бусад албаны хүмүүсийг  хүлээн авч уулзжээ.

Энэ уулзалтаар түгжрэл бууруулах чиглэлээр амжилттай ажилласан төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл сонсож, санал солилцсон талаараа мэдээллээ.

Ж.Сүхбаатар: Уулзалтын эхэнд авто замын түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй  бодлогын арга хэмжээнийхээ талаар тэдэнд товч мэдээлэл өглөө.  
 
 - Нэн тэргүүнд хийгдэх ажил нь нийтийн тээврийн парк шинэчлэл, салбарын       үйлчилгээ, зохион байгуулалтыг сайжруулах тухай юм. Нийтийн тээврийн салбарт бодлогын шинэчлэл хийснээр түгжрэлийг бууруулах сонголттой тээврийн боломж нөхцөл бүрдэнэ гэж бид тооцоолж байгаа.

-Замын хөдөлгөөний зохицуулалт, хяналтыг сайжруулахад анхааран ажиллаж байна.

-Түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөн боловсруулж байна.

-Олон нийтийн, тэр дундаа жолооч нарын хандлагыг өөрчлөхөд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа зэрэг гол гол ажлуудын тухай  мэдээллээ хуваалцлаа.

Уулзалтаар авто замын түгжрэлийг бууруулах туршлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын хөдөлгөөний нэгдсэн мэдээллийн системийг чанаржуулах талаар бусад улс оронд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тухай мэдээлэл сонслоо.

Казакстан улсын Алматы хот нь авто замын түгжрэлийг хэрхэн  бууруулж чадсан туршлагыг хатагтай Наталъя Лим  хуваалцлаа.
 
2.5 сая хүн амтай Алматы хотын хувьд авто замын түгжрэлийг бууруулахад нэн тэргүүнд анхаарсан асуудал нь “BRT”, “LRT” мөн метрог эртнээс төлөвлөж шийдэхийн сацуу явган хүний болон унадаг дугуйн замыг бүрэн шийдсэнээр тус хот авто замын түгжрэлээ бууруулж чаджээ.

Цаашид Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ Наталъя Лим илэрхийлэв.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад онцгой үр дүнд хүрэх  нэгэн чухал төсөл нь BRT -г нэвтрүүлэх ажил хэмээн төлөвлөж байна. 
Монголтой маань дөхүү Казакстаны Алматы хотын авто замын түгжрэл бууруулах туршлагаас судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ" гэлээ.