Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр монголын анхны арьс шир боловсруулах үйлдвэр болох " Булигаар" ХК дээр ажиллалаа.
Монгол улсын анхны арьс шир боловсруулах үйлдвэр болох “Мон-Ит Булигаар” ХК нь 1934 байгуулагдаж одоогийн үйлдвэр нь 1976 онд БНСЧУ-ын техник эдийн засгийн тусламжаар жилд 375 мянган бодын шир үйлдвэрлэх зориулалттайгаар ашиглалтадорсон юм. Улмаар 1995-1998 онуудад техник, технологийн иж бүрэн шинэчлэлт хийн жилд 500 мянган бодын шир гүйцэт боловсруулах буюу 1,150 мянган квадрат метр эцсийн боловсруулалт хийсэн арьс шир болон 2,2 сая богийн арьс гүн боловсруулалт хийхээр 1998 оны 12-р сард ашиглалтад орсон. Анх 1991 онд их хувьчлалаар Булигаар ХК нь нэг бүрийн үнэ нь 100 төгрөгийн үнэтэй 260,000 хувьцаа гарган 26,000,000 төгрөгөөр өөрийн үйлдвэрийн байраа үндсэн хөрөнгөөр үнэлж хувьчлагдаж байсан.
Тус компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан вэт-блю, краст, булигаар, гялгар хром, артай хар хром, гутлын дотор зэргийг үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг бөгөөд үндсэн хэрэглэгчид нь Монгол улсын гутлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд юм. “Мон-Ит Булигаар” ХК нь 60 ажилтантай, үүний дотор мэргэжлийн инженер техникийн ажилтан 8, эдийн засаг, санхүү, хүний нөөц, маркетингийн мэргэжилтэн 6, тоног төхөөрөмжийн мэргэжлийн ажилтан 3, технологийн мэргэжлийн ажилтан 33 хүн тус тус ажиллаж байна.
2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн хурлаар Төлөөлөн Удирдах зөвлөлийг шинээр томилж, ТУЗ байгуулагдсанаас хойш 5 сарын хугацаанд үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн менежментийн шинэчлэлд томоохон хөрөнгө оруулалт хийсэн.
Малын мах, арьс хоёр нь нэг зоосны хоёр тал юм. Мал нядалгааны газар хэр стандартын шаардлага хангаж ажиллана төдий чинээ чанартай арьс шир гарна. Гэвч дийлэнх нядалгааны газар арьсны чанарыг үл тоон гэмтээдэг нь боловсруулах үйлдвэрүүдэд хүндрэл учруулдаг. Хэрэв монголчууд малаас гардаг түүхий эдээ бүрэн ашиглаж чадвал эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг " Булигаар" ХК-ийн захирал Б.Анхболд онцоллоо.