Нийгэм
2022.11.22 19:35
2441
Үндэсний итгэмжлэлийн төв УИХ-аас баталсан 36-р тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг баталсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын алба хамтарч ажиллах төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудад танилцуулж байна. Энэ хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төвийн захирал С.Соронзонболдтой уулзаж, хамтран ажиллахаар боллоо.

Үндэсний итгэмжлэлийн төв нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний дэргэд ажилладаг, үндэсний итгэмжлэлийн байгууллага юм.

Үндэсний итгэмжлэлийн төв нь Олон улсын итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), Ази, номхон далайн орнуудын бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-ын жинхэнэ гишүүн бөгөөд эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын Харилцан хүлээн зөвшөөрөх олон талт хэлэлцээр (IAF MLA& ILAC MRA)- т нэгдэн Монгол Улсын төлөөлж ажилладаг.

Үндэсний итгэмжлэлийн төвийн гол үүрэг нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, итгэмжлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, болон үндэсний хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь ISO/IEC 17011 стандартын шаардлагын дагуу менежментийн тогтолцоог бий болгож, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ ба хууль, зохицуулалт, холбогдох олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн, сорилт, шалгалт тохируулга, эмнэлгийн лаборатори, бүтээгдэхүүн, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын байгууллага, техникийн хяналтын байгууллагыг итгэмжлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн итгэмжлэлийн үйл ажиллагааны бие даасан, шударга байдалд үл нийцэх үйл ажиллагаанд оролцохгүй байх, өөрийн үйл ажиллагааг бодитой, шударга, зөв тодорхой явуулах талаар мэдүүлсэн "Шударга байдлын мэдэгдэл"-ийг гаргаж, нийтэд нээлттэй байлгадаг.