Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.24 20:04
28857
Цаг агаарын гэнэтийн үзэгдлийн үед сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, иргэдийн ажлын цагт зохицуулалт хийх албан бичиг хүргүүлжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах сэрэмжлүүлэг хүргээд буй.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Ж.Сүхбаатар, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт 2 өдрийн өмнө хүргүүлжээ.

Үүнд:
 
1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
 
2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
 
3. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
 
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ тухай ажлын биелэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээсэн тухай Ж.Сүхбаатар сайд мэдэгдлээ.