Нийгэм
2022.11.25 12:01
6308
Хятадаас оруулж ирсэн шахмал түлшинд Улаанбаатарчууд хордож, нэг л өглөө “сэрэхгүй” бол хэн хариуцлага хүлээх вэ ?

Утааг бууруулах төрийн арга хэмжээний нэг томоохон шийдвэр бол түүхий нүүрсийг халж шахмал түлшийг бий болгосон асуудал байлаа. Гэвч шахмал түлш түлж эхэлсэн цагаас эхлэн утаа багасаж байгаа гэх боловч өглөө оройдоо хоолой хорсгон , нүд загатнуулах, толгой өвдөх зэргээр иргэдэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа. Цаашлаад шахмал түлшнээс үүдэлтэйгээр олон хүн угаартаж, харамсалтай байдлаар хорвоог орхисон. Албаныхан угаартаж нас барсан иргэдийг галлагаагаа буруу хийсэн, яндангаа хөөлөөгүй, агааржуулалтгүй орчинд гал түлээд унтсан гэх зэргээр буруушааж иргэдийн хариуцлагагүй үйлдэл гэх мессежийг нийгэмд түгээсээр ирсэн. Тэгвэл шахмал түлшийг барьцалдуулагч бодис нь хортой, битүү орчинд амьсгалсан иргэн шууд үхэлд хүрэх аюултай гэх мэдээлэл өмнө нь гарч байсан ч энэ талаарх мэдээллийг Таван толгой түлш ХК болоод албаныхан үгүйсгэсээр ирсэн. Эрдэнэс таван толгой ХХК-ны талбай дээрээс хилээр гаргах боломжгүй нунтаг нүүрсийг Улаанбаатар хотод ачин ирж, барьцалдуулагч бодис холин шахмал түлшийг үйлдвэрлэж байгаа гэж иргэд итгэдэг , тийм ч мэдээлэлтэй байгаа.

Гэтэл БНХАУ-аас шахмал түлшээ оруулж ирж байгаа гэх ноцтой мэдээлэл байна. Тодруулахын бол Говь-алтай аймгийн Бургастайн боомтоор их хэмжээний шахмал түлш оруулж ирсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ нь нэг удаагийн үйлдэл биш, байнга БНХАУ-аас шахмал түлш оруулж ирэн, Таван толгой ХХК-ны зүүн түгээх салбарт буулгадаг байна. Хамгийн ноцтой нь Улаанбаатарын товчоогоор ч ганц шуудай шахмал түлшийг гаргахгүй хураан авч , зөрчлийн хэргээр торгодог байхад бүхэл бүтэн улсын хилээр бэлдсэн шахмал түлш орж ирж байгаа асуудал юм. Том зургаар нь харвал энэ нь шууд үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлсэн асуудал . Бид хардах эрхтэй. Учир нь Шахмал түлш түлээд яндангаасаа , агааржуулалтаасаа гэх зэргээр амиа алдсан олон иргэн хятадаас орж ирсэн нүүрсэнд хордоогүй гэх баталгаа өнөөдөр алга байна . Албаныхан энэ талаарх мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд чухам ямар учраас БНХАУ-аас бэлдчихсэн шахмал түлш оруулж ирж байгаа нь хачирхалтай. Учир нь бид нүүрсээ урд хөрш рүү импортолдог. Гэтэл эргээд бидэнд боловсруулсан нүүрс “ шахаж” байгаа нь анхаарал татаж байна. Бидэнд олдсон мэдээллээр өчигдөр л гэхэд их хэмжээний шахмал түлш зүүн түгээх салбарын агуулахад буусан байна. Өнөөдөр шахмал түлшинд угаартсан иргэдийн тоо өссөөр байхад БНХАУ-аас ямар ч химийн бодис хольсон нь тодорхой бус, яаж барьцалдуулсан нь ч тодорхойгүй их хэмжээний шахмал түлш оруулж ирж байгаа нь дээр хэлсэнчлэн үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудал яах аргагүй мөн.

Муугаар бодоход нэг л өглөө Улаанбаатарчууд бид 1,5 саяулаа сэрэхгүй бол яах вэ? Өдөр ирэх тусам иргэд энэ шахмал түлшний утаанд чимээгүйхэн хордож, үхлийн өөр өөр шалтгаанаар нас баралт ихэсвэл яах вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? гэх зэргээр олон асуудал хөвөрнө. Бид БНХАУ-аас оруулж ирсэн шахмал түлш болоод дотооддоо үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг харьцуулсан зургийг уншигч та бүхэнд хүргэж байна. Энгийн нүдээр харахад шахалт өөр , хэлбэр хэмжээ өөр байгаа энэ шахмал түлшинд чухам ямар химийн бодис хийж үйлдвэрлэж байгаа нь тодорхой бус байхад олон нийтээс нууцлан хилээр оруулж ирж байгаа нь маш ноцтой асуудал юм. Цаашлаад нүүрсээ зарж төсвөө бүрдүүлэх гэж ядаж байж БНХАУ-аас боловсруулсан түлш авч байгааг ойлгох ухаан алга. Хятад улс үнэгүй өгөөгүй л байлтай.