m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2022.11.28 10:04
2679
Дизель түлш тасарсан нь хэний буруу вэ!!!

Гадны зах зээл, цаашлаад дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ ямар байхаас шалтгаалан манай улсад шатахууны үнэ хэлбэлздэг. Хэдийгээр сая тонн орчим түүхий нефть экспортолдог ч 100 хувь гадаадаас шатахуунаа импортолж, хараат байна. 

Уг нь бидэнд түүхий эд нь байна. Даанч үйлдвэрлэгч болох мөрөөдлөө биелүүлж чадахгүй зүүд төдийхөн яваа. Хатуухан хэлэхэд бусдаас гуйлгачилж суугаа.

Нэгэнт бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаагүй цагт шатахууны үнийг "хазаарлаж" чадахгүй нь ойлгомжтой.

Төр төмөр нүүрээ харуулан ард түмэнд таалагдахын тулд хэсэгтээ шатахууны үнээ хазаарлаж болох ч эцэстээ импортлогчид эхнээсээ дампуурч, 100 хувь гадны компани түшиглэхээс өөр гарцгүй үлдэнэ. 

Тэр цагт яах вэ? Шатахуун импортлогчид монополь тогтоож үнээ дураараа нэмж байгааг бид шүүмжилдэг. Угтаа бол шударга өрсөлдөөн хэрэгжиж, нэг нь карантаа хаахад нөгөөх нь шатахуунаа олгодог чөлөөт эдийн засагтай нийгэмд бид амьдарч байгаа. Хэрэв тэднийг удаан хугацааны турш дарамтлавал зах зээлийн хуулиараа хаалгаа барьж эхэлнэ. Энэ цагт үнэ тогтвортой барих боломжгүй болж жинхэнэ утгаараа ганц нэг монополь компани үлдэнэ. Эс бөгөөс өнөөх "Роснефть" гэх мэт дэлхийн томоохон компаниуд манай улсын шатахууныг импортлох гарц үлдэнэ.

Тэр цагт "дэлхийд нэг баррель нефтийн үнэ өслөө" гэхэд манай улсын төр мянга хашгараад ч нэмэргүй үнээ дураараа нэмж эхэлнэ.

Ганц нефтийн үнээр тогтохгүй долларын ханш өсөх бүрд шатахууны үнээ нэмдэг жишиг тогтохыг үгүйсгэхгүй. Ийм л бүрхэг ирээдүй биднийг хүлээж байгаа гэдгийг эрх биш биднээр хэлүүлтгүй мэдэж баймаар юм.

Өнөөдөр ч ирээдүйд үүсч болзошгүй эрсдлийн дохио асаад эхэлчихсэн. Дизель түлш тасарч, шатахуун түгээх станцууд үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд орсон гэдгийг сануулсаар буй. Дахин үнэ боох техникээ төр барьвал шатахуун импортлогчид нөөцгүй болно. 

Шатахууны хомсдол үүсч, тасарч эхэлбэл манай улсын эдийн засагт маш том эрсдэл үүснэ. Дизель түлш тасарч эхэлсэн нь өнгөрсөн хугацаанд гаргасан төрийн шийдвэр буруу гэдгийг сануулсан мэт. Бизнес аж ахуй эрхлэгчдийн гол хөдөлгүүр болох "түлшгүй" болчихвол бид эдийн засгийн хувьд тэг зогсолт хийхэд тулна. Цаашлаад ирэх онд дефольт зарлахгүйн тулд нүүрсэн дээр тулгуурласан орлогын мөрөөдлөө ч биелүүлж чадахгүй. Хатуухан хэлэхэд "ДЕФОЛЬТ" зарлана.

Сүүлийн нэг жилд нефть бүтээгдэхүүний хилийн үнэ 2.4 дахин нэмэгджээ. АМГТГ-аас 7 дугаар сард танилцуулсан мэдээллээр 2020 оны зургадугаар сард АИ-92 шатахуун тонн нь 292 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сарын байдлаар 695 ам.доллар болж өсчээ. Харин жижиглэнгийн үнэ энэ хугацаанд 1400-1450 төгрөгт хэлбэлзэж байв. Засгийн газар АИ-92 автобензиний онцгой албан татварыг тэглэх, шатахуун импортлогчидтой зөвшилцөх замаар зах зээлд үнийг хянаж байсан гэсэн үг. Цаашид ч үнэ нэмэгдэх мэдээлэл бий. Төр авч болох бүх л арга хэмжээгээ авсан. Дахиад нэмэгдвэл төр оролцох боломжгүй болно. Энэ үед яах вэ? Дахин дарамтаа үргэлжлүүлэх үү???