Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Улс төр
2022.11.28 15:07
900
МАН бүлэг: Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.28/ хуралдаж, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас ойрын гурван жилийг “Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан Аялал жуулчлалын тухай хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Иргэний нисэхийн тухай хууль гэх мэт аялал жуулчлалтай холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж байна. Үүнтэй хамт Казиногийн тухай хууль, Бооцоот тоглоомын тухай хуулийг ч мөн өөрчлөх юм. Эдгээр хуулийн төслүүдийг  өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн олонх санал нэгдлээ.

Нэгэнт ирэх жилийн Монголд зочлох жил болгон зарлаж буйтай холбоотойгоор энэ ондоо багтаан шийдвэрлэж, хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлэх ёстой гэдэгт мөн гишүүдийн олонх санал нэгдсэн юм ” гэв.

Энэ үеэр хуулийн төслийг санаачлагч,  УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Аялал жуулчлалын тухай хууль болон хамт өргөн мэдүүлэх бусад хуулиудын өөрчлөлт болон ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ ,  “Монгол улс Ковидоос өмнөх жилүүдэд 580 мянга орчим жуулчдыг хүлээж авч, тухайн салбараас 610 сая гаруй ам.долларын орлого олдог байсан талаар статистик тоо баримт бий. Энэ дүн мэдээнээс үзвэл аялал жуулчлалын салбараас ДНБ-ий зургаа орчим хувийг бүрдүүлж байсан гэж хэлж болно. Засгийн газраас үүнийг цаашид нэмэгдүүлж,30 хувьд хүргэх томоохон  зорилтыг дэвшүүлснээр Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Монголд айлчлах жил болгон зарласан юм. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, 12-р сард багтаан батлуулах хүсэлтэй байгаа юм. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол улсад зочлох жуулчдад хэд хэдэн  мессэжүүдийг өгөх зорилгыг агуулж байгаа юм.

Нийт 33 зүйл, таван бүлэгтэй, түүнийг дагасан 10 гаруй хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай зэрэг гурван хуулийг нэмээд Аялал жуулчлалын багц хууль хэмээн томьёолж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

Хуулийн  төслийн гол концепцийн хувьд визийн сайн нөхцөлтэй улс орон болсон гэдгийг олон улсад зарлах, мөн Монгол улсад ирэх агаарын тээврийн зардлыг хамгийн бага үнээр тогтоосон гэдгийг жуулчдад мэдүүлэхэд анхаарч, хуулийн өөрчлөлтүүдэд тусгаж байгаа юм ” гэв.