Монгол Улсын хойд хил дэх автозамын шалган нэвтрүүлэх Алтанбулаг боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэхүү боомтын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгаж байсан юм.
Тус боомт нь энэ оны долдугаар сарын нэгнээс 24 цагийн ажиллагаанд шилжлээ. Өмнө нь өдөр бүр 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж байсан байна.
Мөн Алтанбулаг боомт 24 цагийн ажиллагаатай болсноор Гаалийн байгууллага хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа тасралтгүй 24 цагт шилжүүлж байгаа аж. Ийнхүү өөрчлөлт орсноор Байгаль нуур тийш аялах Монгол жуулчдын тоо эрс нэмэгдэх болон "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд ОХУ-аас хийх худалдааны эргэлт ихэснэ гэж үзэж байгаа юм.