Нийгэм
2022.11.30 13:08
818
Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хордлогоор жилд 363 хүн амь насаа алдсан байна

Монгол Улсад импортоор оруулсан согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний биет хэмжээ 2021 онд 38.9 сая литр болж, 2011 оноосоо 5 дахин нэмэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг тогтоосон стандартаар 1 хүнд жилд 7-8 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаа тохиолдолд үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцог. Гэвч манай улсын насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи ногдож насанд хүрсэн хүн амын 51% нь согтууруулах ундаа байнга хэтрүүлэн хэрэглэж байгаа судалгаа гарсан байна.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар манай улсад жилд дунджаар 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас бардаг. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хордлогоор өдөрт 1, сард 30, жилд 363 хүн амь насаа алдсан. Сүүлийн 5 жилд архины хордлогоор 1817 хүн амь насаа алдсан.

  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж сард 7, жилд 89 хүн осгож амь насаа алдсан
  • Сүүлийн 5 жилд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 447 хүн осгож амь насаа алдсан байна
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биед өдөрт 9, сард 277, жилд 3326 хүн гэмтэл учруулсан
  • Сүүлийн 5 жилд архи, согтууруулах ундаа хэрэглэж, бусдын биед 16.634 хүний биед гэмтэл учруулсан
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх өдөрт 231, сард 6935, жилд 83213 хүн эрүүлжүүлэгдсэн
  • Сүүлийн 5 жилд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 416.159 хүн эрүүлжүүлэгдсэн

Тэр дундаа тодорхой төрлийн гэмт хэрэг буюу хүчиндэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг 18.0-51.0 хувь нь согтуугаар үйлдэгдэж, нийт дуудлага мэдээллийн 60.0-70.0 хувь нь архитай холбоотой байна.

Архидан согтуурах нь гэмт хэрэг хүний эрхийн зөрчлийн эх үүсгэвэр төдийгүй хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, улс эх орны хөгжилд олон сөрөг үр дагаврыг авчирдаг хор хөнөөл бүхий нийгмийн сөрөг үзэгдэл болон тогтлоо.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр салбар дундын бодлого уялдаа холбоогүй, төрийн байгууллагын институц оновчтой бус, хуулийн хэрэгжилт хангалтгүй, нийгэм эдийн засгийн суурь үзүүлэлт буурсан, эрүүл аюулгүй амьдрах орчны чанар доройтсон зэргээс шалтгаалан архидан согтуурах явдалд төрөөс хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байна.

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр төрөөс хүлээлгэж буй үүрэг, иргэд олон нийтийн хүлээлт нь цагдаагийн бие бүрэлдэхүүн архидалттай өргөн хүрээнд үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ''Намайг алгас'' нөлөөллийн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна