Гадаад харилцааны яамны Дипломатын академиас Амбассадор клуб, ХБНГУ-ын Конрад Аденаурын сантай хамтран зохион байгуулсан “Гадаад бодлогын үзэл баримтлалын 20 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал” болж өндөрлөлөө.
Хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Батчимэг, Ц.Цолмон, нийтлэлч Баабар, гадаад бодлогын үзэл баримтлал батлагдаж байх үед ГХ-ны сайд байсан Ц.Гомбосүрэн болон үе үеийн дипломатууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд илгээлт ирүүлжээ. Тэрбээр хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлээд “Монгол Улс өнөөдөр НҮБ-ын бараг бүх гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоож, НАТО-ын түнш орон, ЕАБХАБ-ын гишүүн орон болсон төдийгүй 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа нь гадаад бодлогын үзэл баримтлал үүргээ гүйцэтгэснийг гэрчилж байгаа юм” хэмээн онцоллоо.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг ГХЯ-ны БТСГ-ын зөвлөх доктор, профессор Г.Төмөрчулуун “1994 оны Гадаад бодлогын үзэл баримтлалд дүн шинжилгээ хийхүй: Монголын орчин цагийн гадаад бодлогын дөрвөн “Д”-гийн чиг шугам” сэдвээр тавьсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн юм. Үдээс хойшхи хуралдаан гадаад бодлогын үзэл баримтлалыг тойрсон илтгэлүүдээр өрнөж, зочид, эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг сонсон хэлэлцүүлэг хийсэн нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүллээ хэмээн хуралд оролцогчид дүгнэж байв.