Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.12.15 14:30
5013
ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшдэг "Изинис Эйрвэйз" ХХК Хятадаас Орос руу хориотой зэвсэг тээвэрлэх гэж байсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

“Aviationsourcenews” цахим хуудас Монголын иргэний агаарын тээврийн “Eznis Airways” компанийг Орос руу цэргийн ачаа тээвэрлэсэн гэж мэдээллээд буй.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос тодруулахад " Изинис Эйрвэйз" ХХК хориотой ачаа тээвэрлэсэн гэдэг мэдээлэл явж байна. Өнгөрсөн сард тус компани ачаа тээвэрлэх том оврын онгоц оруулж ирж зөвшөөрлөө авсан. Ингэхдээ ялангуяа Орос руу тээвэр хийхээр бол тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг. Үүний дагуу Лондонгийн даатгалын компанид даатгуулсан тохиолдолд  Оросын холбооны улс руу тээвэрлэж буй ачааг тодорхой жагсаалт гаргаж, тээвэрлэх зөвшөөрлөө авсны дараа тээвэр хийнэ гэсэн заалт байгаа. Энэ гэрээний дагуу Хятад улсаас ачиж ирсэн ачааг Улаанбаатар хотод буулгаад, ачааныхаа жагсаалтыг Лондон руу явуулж шалгуулсан.

Шалгуулах явцад нь тус  ачаанд хоёрдмол шинж чанартай байж болзошгүй ачаа байна, тийм учраас тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй гэсэн хариу өгсөн. Хоёрдмол шинж чанартай гэдэг нь цэргийн зориулалтаар аль алинд нь ашиглаж болохуйц ачаа гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор Зам тээвэр хөгжлийн яам, Гаалийн байгууллага, Тагнуулын байгууллага, Иргэний нисэхийн газраас албан тушаалтнууд ажиллан шалгалтыг ажил явагдаж байгаа. Хэрэв тус ачааг ачаад Орос руу зөвшөөрөлгүйгээр ниссэн бол Монголын нисэхийн салбарт томоохон эрсдэл учрах байсан" гэв. 

Тус компани нь Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эзэмшдэг компани юм. Нисэхийн салбараас хол хөндий тагнуул, цагдаагийн ажилтай байсан хүн яагаад нисэхийн салбарт ийн мөнгө хаяж, орох болсон нь цаанаа бас учиртай л байлтай. Тодруулбал, түүний төрсөн дүү Б.Мандухай МИАТ-д эрх мэдэл бүхий албан тушаал хашдаг бол эхнэр Ү.Сарнай нь “Гранд степп” компаниараа МИАТ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, онгоцонд сэтгүүл тараах их үнийн дүнтэй гэрээ байгуулсан гэдэг.  

Энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.