Улс төр
2022.12.17 12:47
10808
Жагсагчид чулуу, гарт тааралдсан эд зүйлээ шидсэнээс болж 8 цагдаа бэртжээ

Төв талбайн жагсаал цуглаанд өдөр дунджаар 800-2500 орчим иргэн жагсаалд оролцсон. Энэ оны арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт зохион байгуулахад оролцжээ.

 

Жагсагчдыг эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх зөвлөмжийг ХЭҮК-той хамтран хэвлэл мэдээллийн байгууллага болон тухайн газар оронд чанга яригчаар тасралтгүй хүргэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч жагсаалд оролцогчдоос морь мал, амьтан авч ирэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гарсаар байна. Нийт 15 иргэнд холбогдох хэргийг шалгаж, найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан:

-Жагсаал цуглаан тайван байдлаар эхэлсэн ч зорилго өөрчлөгдөж, харанхуй болсон үед жагсагчдын зүгээс Төрийн ордон руу дайрах, талбай дээрх гацуурыг шатаах, цагдаагийн алба хаагчид руу эсэргүүцэл үзүүлэх асуудал гарсан.

Жагсаал цуглааны үеэр жагсагчид чулуу болон гарын доорх бусад материалыг ашиглаж, эсэргүүцсэн. Тэр үеэр цагдаагийн найман алба хаагч бэртэж гэмтэн, нэг алба хаагч ноцтой бэртсэн буюу хамрын яс нь хугарч эмнэлэгт эмчлэгдэж байна. Иргэдийн зүгээс бэртсэн гэсэн гомдол мэдээлэл ирээгүй.