Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2022.12.20 15:09
10356
Т.Доржханд: "Бодь Интернэшнл" компанийн Д.Баясгалан яарч сандран мэдээлэл хийлээ, Монголд сайхан жүжиг болж байна

Нүүрсний хулгайн асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол маргааш болохтой холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ. 

Т.Доржханд: "Парламент бол ард түмний төлөөлөл. Тиймээс хууль хүчний байгууллагын удирдлагууд болон нүүрсний хэрэгт нэр холбогдсон нэр бүхий 17 албан тушаалтныг бүгдийг нь сонсголын үеэр байлцуулъя гэж байгаа. Гэтэл Х.Баттулга хоёр хоногийн өмнө зугтчихсан. Хилийн хориг тавих шаардлагыг өчигдөр өгсөн байгаа. Хамгийн их мэдээлэлтэй байгаа хүн бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг юм. Энэ хүн нэрсийг мэдэж байгаа. Мэдүүлгээ өгөх ёстой. Энэ хүнийг сонсголд ирүүлж, мэдээллийг нь сонсох талаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа. 

Мөн оффтэк гэрээний гүйцэтгэгч "Бодь Интернэшнл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэдэг хүн яарч сандраад л өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад сайхан жүжиг болж байна. Би ямар ч буруугүй, төр буруутай, би яаж мэдэх юм, би ажлаа хийсэн, асуудал байвал төртэй яриарай гэсэн ийм л байдлаар ярьчихлаа. Гэтэл тухайн үед шийдвэр гаргасан хүн нь зугтаачихсан. 

Маргаашийн нээлттэй сонсгол дээр "Бодь Интернэшнл" компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэдэг хүний ирж мэдүүлгээ өг гэж байгаа. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сонсгол дээр ирж мэдээллээ өгөх хэрэгтэй. Учир нь энэ хүн энэ гэрээ авах юмгүй юм байна, нууцлахаас өөр аргагүй юм байна, аймшгийн нөхцөлтэй юм байна гэдэг мэдээлэл өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хүнийг уулзуулмаар байна.

Мөн эрх барьж байгаа намын нэр бүхий таван УИХ-ын гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаа. Энэ таван хүнийг ч суулгаад яриулах хэрэгтэй. Үүнээс үр дүн нь жинхэнэ хулгайч илрэх ёстой. Энэ сонсголоос болж оффтэк гэрээнүүд ил болсон. Оффтек гэрээнд жинхэнэ холбогдогчид байгаа" гэлээ.