Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.12.22 12:13
49262
Л.Наранбаатар: "Сахал" Д.Эрдэнэбилэгийн өрийг "Цемент Шохой" ТӨХК төлөхгүй!

"Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар Хөгжлийн банкны өр төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдөр нэгэн шүүх хурал болох гэж байна. Монгол Улсын Хөгжлийн банк Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байгаа, Хөгжлийн банк манай үйлдвэрийг авах гэж байна. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төөрөгдүүлсэн "Хөтөл" гэх нэртэй компани Хөгжлийн банкнаас 2015 онд 61 сая долларыг Хөтөлийн "Цемент шохой"-руу хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Тэр мөнгийг манайхаас нэхэмжлээд байгаа юм. Уг 2 компани бол тусдаа компани.

Бейзмент ХХК нь Хөтөл ХХК гэх нэртэй болсон бөгөөд энэ нь олон нийтийг төөрөгдүүлж, толгой Хөтөл, охин компани Цемент шохой компанийг нэг газар гэж ойлгоход хүргээд байна. 

Өнөөдрийн байдлаар Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнбилэгийн Хөтөл ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 61 сая 265 мянган ам.долларын зээл 340 орчим тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд нэг ч эргэн төлөлт хийгдээгүй. Д.Эрдэнэбилэгийн төлөх ёстой мөнгийг Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-иас нэхэмжлээд байгаа гэсэн үг. Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК Хөгжлийн банканд ямар ч өр байхгүй. 

Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ч хэрэв "сахал" Д.Эрдэнбилэгийн өрийн оронд манай үйлдвэрийг барьцаанд хураан авахаар болбол Цемент Шохой ТӨХК-ийн бүх ажилчид тэмцэх болно. Бид бүх нотлох баримтыг АТГ-т өнөөдөр хүлээлгэн өгч, шалгуулах хүсэлт гарган хохирлыг нэхэмжлэх болно" гэлээ.