Н.Буяндэлгэр
Сэтгүүлч
Нийгэм
2022.12.26 14:03
14436
Халтиргаа гулгаанаас сэргийлж 330 тонн бодис, 577.7 тонн давс цацжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах, тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг авлаа.

Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 18 байгууллагын 917 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 84 машин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Мөн алслагдсан замд цас хунгарлаж даваа гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнтийн замд давс, бодис цацжээ.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бодис цацагч 13 машин, 20 техник хэрэгсэл, 371 хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнийн ээлжээр ажилласан бөгөөд зам талбайн үйлчлэгч нар явган зам, нуухны цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч буй. Арванхоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд орсон цаснаар 330 тонн бодис, 577.7 тонн давс цацсан байна.

Одоогоор 1528.94 тонн бодис, 3660.24 тонн давсны нөөцтэй байна.