Нийгэм
2022.12.26 15:18
1872
Онцгой байдлын салбарт 10 дахь жилдээ ажиллаж буй Б. Баярмаа 2 өрөө байраар шагнууллаа 
Онцгой байдлын салбарт 10 дахь жилдээ ажиллаж буй Б. Баярмаа 2 өрөө байраар шагнууллаа 
 
Онцгой байдлын Ерөнхий газраас байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс "Мөрөөдөл биелдэг юм" төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Баянзүрх дүүрэгт хамтран ажиллах санал тавьж ажил хэрэг болсны үндсэнд өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, салбартаа 10 жил ажиллаж буй Б.Баярмаа 2 өрөө байраар шагнууллаа.
Б.Баярмаагийн хувьд өмнө нөхөр, 4 хүүхдийн хамт дүүргийн 21-р хороонд түрээсийн хашаа байшинд амьдардаг бөгөөд байр гардуулах үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ
"Цаг уурын ямар ч нөхцөлд улс эх орон, хүн ардынхаа эрүүл энх, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй танд байрны түлхүүр гардуулж буйдаа талархалтай байна. Та бүхний хичээл зүтгэл, гаргаж буй үр дүнгээс үүдэн төрд итгэх иргэдийн итгэл сэргэх, төрд орж ажиллах залуусын хүсэл эрмэлзэл улам бүр бадрах болтугай" гэсэн юм.
 
Мөн энэ үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч Г.Ариунбуян хэлэхдээ "Мөрөөдөл биелдэг юм" төсөл бол нэг алба хаагчийн нийгмийн асуудлыг шийднэ гэхээс илүү салбарын алба хаагчдын ажиллах итгэл үнэмшлийг нэмэх, төрийн залгамж чанарыг үргэлжлүүлэхэд чухал төсөл гэж бодож байна.
 
Энэ төслийг дэмжиж, хамтран ажилласанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлье" гэлээ.
"Мөрөөдөл биелдэг юм" төсөл цаашид 21 аймаг, бусад дүүргийн хэмжээнд үргэлжлэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.