Монгол түмний бахархал, дэлхийд ганцхан Монгол наадам хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Монгол хүн бүрийн тэсэн ядах хүлээж буй наадмын бэлтгэл ажил хэр хангагдаж буй талаар сурвалжлахаар Хүй долоон худгийн ногоон дэнжийг зорилоо. Биднийг очиход нарлаг дулаахан, ногооны үнэр хамар цоргин, Хүй долоон худгийн дэнж наадамчин олноо хүлээх мэт налайж байлаа. Өмнөх жилүүдэд хүн, машин бужигнаж, манарсан тоосон дунд нааддаг байсан. Тиймээс энэ байдлыг өөрчлөхөөр өнгөрсөн жилээс Хүй долоон худгийн дэнжийг наадмын цогцолбор болгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхэлүүсэн. Энэ хүрээнд нэлээд ажлууд хийгджээ.
Морь барианы урдхан талд байх “Мобитолгой”-д гарч харахад хоёр талд үйлчилгээний талбайг тохижуулан зассан бол зүүн талд нь автомашины зогсоолыг хоёр хэсэгт хуваан байгуулсан харагдана. Үзвэр, үйлчилгээний талбаруудыг холбосон явган хүний зам, авто зам зэргийг шинээр барьж, дуусах шатандаа орсон харагдаж байлаа. Мөн бие засах газар шинээр байгуулж, хогын савууд суурьлуулахаар зэхжээ.
Энэхүү бүтээн байгуулалтын талаар “Монгол наадам цогцолбор”-ын мэргэжилтэн Ж.Нямхүүгээс цөөн зүйлийг тодрууллаа.
-“Монгол наадам цогцолбор” барих ажлын хүрээнд энэ жил ямар ажлуудыг хийсэн бэ?
-Эхний ээлжинд жил бүр хийдэг тохижилтын ажлаа хийж дууссан. Тухайлбал, үзэгчдийн сандал, зочдын болон хэвлэл мэдээллийнхний индэр зэргийг угсарлаа. Харин энэ жил шүдлэн морь, айрагдсан морь, хурдан морины коммиссын хашаа зэргийг шинээр барилаа. Өмнө нь модон хашаатай байсан учраас мэргэжлийн хүмүүстэй ярилцаж,
Үндэсний их баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхээс 700 сая төгрөгөөр давсан төсөв баталсан байна. Өнгөрсөн жил нийт нэг тэрбум 559 сая 651 мянга 200 төгрөг байсан бол энэ онд хоёр тэрбум 209 сая 321 мянга 200 төгрөгийн төсвөөр хоёр өдөр наадамлах аж. Үүнээс Тохижилт засвар, худалдаа үйлчилгээний зардал 370 сая 303 мянга 600 төгрөг, харин энэ жил 494 сая 924 мянга 100 төгрөг зарцуулагдаж буй юм.
стандартад тохирсон төмөр хашаануудыг хийж бэлэн болголоо. Мөн 500 автомашины зогсоол, өвөл, зуны нийтийн бие засах газар, явган хүний зам талбайг нэмж байгуулж байна.
-Хүй долоон худгийн хэмжээнд хэчнээн км зам шинээр баригдаж байна вэ?
-Наадмын үйлчилгээний талбайг морь барианы газартай холбосон дөрвөн метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.3 км авто зам, засмал зам барих ажил ид хийгдэж байна. Давааны өртөөнөөс эхлэх энэхүү замаар Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн үйлчилгээний цэг болон морь бариа, бусад хэсэгтэй холбосон 800 метр урт, гурван метрийн өргөнтэй явган хүний зам дуусах шатандаа явж байна.
-Наадам зохион байгуулах хороо хэзээ хүлээн авах вэ?
-Энэ сарын 5-нд бүх ажлаа дуусгах үүрэг даалгавартай. Одоогоор ажил 80 гаруй хувьтай байна. Хугацаандаа хүлээлгэж өгнө.
Дараа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажилтай танилцахаар явлаа.
Энд бол дуу хуур цангинан, наадмын нээлтийн тоглолтод оролцогчид бэлтгэл сургуулилтаа базааж, эргэн тойронд нь засварын ажил өрнөн байлаа.
Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг анх 55 жилийн тэртээ хийсэн байдаг. Тэгвэл энэ жил улсын төсвөөс 274 сая төгрөгөөр 14 мянган шинэ сандал авсан. Эдгээрийг суурьлуулах ажил 70 хувьтай явж буй бөгөөд энэ сарын 7-нд дуусгах төлөвлөгөөтэй ажллаж буйг засварчид хэллээ.
Мөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор засал чимэглэлийг давхар анхаарч буй юм. Үүнд оффисийн барилгыг засварлаж байгаа аж. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнгийн 16 хаалгыг будаж өнгөлөн, бие засах газрын орчныг шинэчлэн, гадна талбайн өө сэвийг янзалж, машины зогсоолын тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлаж байлаа.