Баялаг бүтээгч
2022.12.31 12:44
7374
Жижиг цехийг томоохон үйлдвэр болгон хөгжүүлсэн Б.Батзориг “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртлээ

Эко гар утасны тавиур төслийг санаачлагч, Мастер Б.Батзориг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнууллаа.

Тэрээр 2008 оноос ажлын гараагаа эхэлж  “Цагаан шонхор холдинг -д мужаан, 2010-2015 он хүртэл “Залуу хас”ХХК туслах мужаанаас мастер мужаан болтолоо дэвшин ажилласан байна. 2015 оноос хувиараа цех ажиллуулж 2017 оноос  модон шат, саун гэх мэт бүх төрлийн тавилгуудыг хэрэглэгчдийн хүссэн загвар хийцээр үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэн 100 айлд түрээсийн байранд цех хэлбэрээр 5-7 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байв.

2019 оноос тавилгын үлдэгдэл болон хаягдал материалыг ашиглан “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэх төслийг санаачлан Германы олон улсын хамтын нийгэмлэгийн инновацийн төсөлд 200 гаруй төслөөс шалгарч 19 сая төгрөгний үнэ бүхий хөрөнгө оруулалт хийгдэж СНС машин, офиссын тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Уг  төслөө амжилттай хэрэгжүүлснээр санхүүжилт нь буцалтгүй тусламж болж олон залуучуудыг ажлын байртай болгожээ. “Эко гар утасны тавиур” төсөл нь “Эко таваг” шинэ бүтээгдэхүүнээр төрлөө нэмж хүний хэрэгцээг нэг дор хангасан эко бүтээгдэхүүн гэдгээрээ “2021 оны Шилдэг гарын бэлэг-Шилдэг Эко бүтээгдэхүүн “-ээр шалгарсан. 2021 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Ажлын байр дэмжих” эргэлтийн зээлд хамрагдаж, 15 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна.

Тус компанийн эко модон бүтээгдэхүүнүүд нь импортоор орж ирдэг хуванцар бүтээгдэхүүнийг орлож, нийт хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ.Иймд Б.Батзоригийн хийсэн ажлыг үнэлж Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан байна.