Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.01.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг тодотгоод Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна гэв.
Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар тусгасан байна.
Мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, Шинэ Хархорум хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, шаардлагатай санхүүжилтийг шийдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна.