Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн цагаас хойш утаа буурсан гэж үзэж байгаа хэдий ч Улсын нийслэл Улаанбаатарчууд манарсан саарал утаан дундаа хордсоор байна. Иргэд амны хаалт зүүж байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах шахам болсон утаанд хоолой хорсож, хүүхэд хөгшид өвлийн улиралд эмээр хооллож, ханиад хүрсэн хүмүүс эргээд эдгэхэд бэрх ,эмнэлгийн үүд сахиж олсон хэдэн төгрөгөө эмэнд зарцуулж байна.
Хайлаастын ам, Баянхошуу, Зурагт, Шар хад, Толгойт, Нисэх орчим бохирдолтой гэж тодорхойлогдож байна. Тэсгэм хүйтэнд 6 шуудай түлш хүрэлцдэггүй, эргээд түүхий нүүрсээ түлсэн нь бараг хор багатай юм байна хэмээн буримдах нь ч иргэдийн зөв гэлтэй.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул мэдээлэхдээ Агаарын бохирдлын нэг эх үүсвэр нь 198 мянган айл өрхийн түлж буй сайжруулсан түлш. Энэ түлшний хүхрийн хэмжээ буурахгүй байгаа. Шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг, дутуу шаталтаас болж агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг Олон улсад яаралтай шийдвэрлэхийн тулд хагас коксожсон түлшээр шийдсэн. Тухайн түлш бүрэн шатахад 8-10 минут зарцуулна. ХБНГУ-ын Фрайбургийн Техникийн их сургууль дэргэдэх нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр 100 гаруй жил дагнан судалгаа хийсэн институттэй хамтран ажиллаж, Тавантолгойн нүүрсний дээжийг явуулсан. Хурдан шатдаг нүүрс гаргаж авах хүсэлтээ өгсөн. Удахгүй бид чүдэнз зурах төдийд асах шинэ түлшийг нэвтрүүлэх болно хэмээн мэдээлсэн.
Улмаар агаарын бохирдоос үүдэж төрөлхийн гажиг, дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, үргүйдэл үүсдэг гэдгийг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна.
Энэ байдлаараа хавартай золгох нь тодорхой, хэдэн хүн эх орондоо эрүүл мэндээрээ хохирч үлдэх бол...