Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.01.06 10:48
1288
Утааг "АЛГА" болгоно гэж сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө нэгт бичдэг улстөрчид хаана байна !!!

Утааны эх оронд  ханиадгүй амьдрах нөхцөл алга. Улаанбаатар хотын утаа хэвийн түвшинд байна гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа ч бодит байдал дээр гамшгийн түвшинд байгааг иргэд ам уралдан хэлж байна. Түүхий нүүрснээсээ татгалзаад олон өвлийг үдэж  байгаа нийслэлчүүд хүүхдээ тэврэн эмнэлгийн үүд сахиж, хоолой хорссон утаанд цэвдэг хүйтэн автобусаа хүлээж  өдөр хоногийг  эрүүл амьдрах итгэл тээн хүлээж байна. 

Гэр хорооллын 220 мянган айл өрх жилдээ нэг сая тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг бол томоохон дулааны станцууд жилд зургаан сая тонн түүхий нүүрс хэрэглэдгээс харахад түүхий нүүрс хэрэглэж буй станцууд гэр хорооллынхноос зургаа дахин хэрэглээтэй гэсэн үг. Үүн дээр нэмэгдээд нэг сая орчим автомашин байнгын замын хөдөлгөөнд оролцож, утаа ялгаруулдаг гэх судалгаа байгаа.

Гэвч галлагаагаа буруу хийж байна, яндангаа хөөлөх хэрэгтэй гэх мэтээр утааны асуудлыг иргэд рүү чихэж байгаа нь нөгөө талаараа өөрсдийгөө халуун тогооноос аврах гэсэн дарга нарын заль мэх гэлтэй.

Улаанбаатарт амьдардаг монголын хүн амын дийлэнх нь утаанд хордохгүй юм аа гэхэд уушгины эмгэгтэй болж үлдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Сонгуульд нэр дэвшихдээ утааг олон улсын жишгээр алга болгоно гэж мөрийн хөтөлбөрийнхөө нэгт бичдэг улстөрчид хариуцлага хүлээх үү? Төр засгийнхаа шийдвэрийг дагаж байгаа ард иргэд өөрсдөө хүлээх үү? Гамшгийн түвшингээс хэтэрсэн утааны асуудлаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол зангилаа болгосоор байх уу!!!