Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2023.01.09 13:24
6362
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "НВЦ" группын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр дотоодын хүнсний салбарт хувь нэмрээ оруулж буй томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр /2023.01.09/ үндэсний үйлдвэрлэгч "НВЦ" группын үйл ажиллагаатай танилцлаа.

"НВЦ" групп нь хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах зорилготой 1998 онд байгуулагдсан, өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгосон үндэсний үйлдвэрлэгч компани юм.


"НВЦ" групп нь 2003 оноос өндөгний үйлдвэрлэлийг эхлүүлж, 2011 оноос орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 1 сая толгой өндөглөгчтэй эко шувууны аж ахуйн төслийг эхлүүлж өнөөдрийн байдлаар 650 000 толгой өндөглөгч, 110 000 дэгдээхэй буюу нийт 760 000 шувууны аж ахуйг бүрэн ашиглалтанд оруулан ажиллаж байна. Ирэх жилийн төлөвлөгөөнд өндөглөгч тахиан тоог 1 сая болгохоор зорин ажиллаж байгаа гэдгийг тус компанийн зүгээс хэллээ.

Тус компани нь нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудыг 100% барьж байгуулсан байна.

Өндөгний үйлдвэрлэлээс гадна НВЦ нь өндөгний болон тахиан махны томоохон импортлогчдын нэг бөгөөд ОХУ-н өндөгний тэргүүлэх аж ахуйнуудын нэг Белореченское компанитай 20 жилийн турш хамтран ажиллаж байна. Мөн АНУ, Бразил, БНХАУ-ын компаниудаас тахианы мах импортолж зах зээлд нийлүүлдэг.

Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүнийг 53 хувийг "НВЦ" группийн "Баян" өндөгний үйлдвэр дангаараа нийлүүлж, 2500 харилцагчдаа шууд бүтээгдэхүүнээ хүргэн, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг байна.

Өндөглөгчийн аж ахуй, Савлах үйлдвэр

2018 оны байдлаар НВЦ групп байнгын орон тооны 300 гаруй ажилтантай, жилдээ 7 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байна.