Нийгэм
2023.01.11 06:46
1096
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Төв аймгийн эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон холбогдох албаны хүмүүс Төв аймгийн Аргалант, Лүн суманд үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуй, мах, хүнсний боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал:

  • УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин,
  • УИХ-ын гишүүн Ж.Батжаргал,
  • УИХ-ын гишүүн Т.Аубакир,
  • УИХ-ын гишүүн Ц.Туваан,
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар,
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,
  • Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга Ч.Даваабаяр,
  • Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс Төв аймгийн Аргалант суманд байрлах эрчимжсэн сүүний фермийн үйл ажиллагаатай танилцаж, сүүний фермерүүдийн тулгамдсан асуудал, мал тэжээлийн үйлдвэр, мал эмнэлгийн үйлчилгээ, чанар, хүртээмжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хэлэхдээ: "Шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр хүн амын эрүүл мэндийг тэтгэх асуудал нь хүнсний хангамжийн тулгамдсан асуудал гэж ойлгож байна. Үүнийг шийдвэрлэх ганц арга нь сүүний эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж, дотоодын сүүний үйлдвэрлэлтийг эрс нэмэгдүүлэх юм. Нийслэл хотыг төдийгүй Монгол Улсыг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахад эдгээр кластер фермүүдийн идэвхи оролцоо чухал. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчимжсэн мал аж ахуйг уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй баялаг бүтээгч өрхүүд, фермер эрхлэгчдээ бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн үзэж УИХ-д өргөн барьсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төсөлдөө махны чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг байгуулахаар тусгасан юм. " гэв.

Уг ферм нь тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн, нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер болох зорилттой "Нүүдэлчин Агро ферм ХХК"-ийн хэрэгжүүлж төслийн нэг ферм юм.

Төв аймгийн хэмжээнд 3 сүүний үхрийн кластер аж ахуй Архуст, Аргалант, Баяндэлгэр сумдад үйл ажиллагаа явуулж байна. Кластерын аж ахуй нь сүүний үхрийн аж ахуйн стандартын шаардлага хангасан байр, фермер өрхүүдийн амины сууц, тэжээл тариалах талбай, гүний худаг, эмчилгээ, тэжээлийн бааз, нарлагааны хашаа, өсвөр үхрийн байр бүхий иж бүрэн цогцолбор юм.