Улаанбаатарын хэт төвлөрлийг сааруулах нь Засгийн газрын чухал зорилтуудын нэг болов. Шинэ сэргэлтийн бодлогын нэг тулгуур нь “Хот, хөдөөгийн сэргэлт” гэж Засгийн газар үзсэн.
Олон ужиг асуудлын эх үүсвэр болсон нийслэлийн төвлөрлийг задлахад нэг талаас Засгийн газрын бодлого чухал. Улаанбаатарын оршин суугчдыг орон нутагт татах улсын хэмжээний бодлогын хөшүүрэг хэрэгтэй. Ипотекийн гурван хувийн хүүтэй зээл бол үүний нэг хэсэг юм.
Нөгөө талд орон нутгийн удирдлагуудын санаачилга ч чухал. Нийслэлийн оршин суугчдыг урьсан, гэхдээ хоосон үгээр биш бодит ажлаар харуулсан эхний аймаг нь Орхон аймаг. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Улаанбаатарын оршин суугчдыг Эрдэнэт хотод тавтай морилохыг урьжээ.
Орхон аймаг нийслэлээс шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөр боловсруулжээ. Эхний үе шат нь 2023-2024 оны I улирал дуустал 15 сарын хугацаанд хэрэгжинэ. Уг хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулах юм байна.
Тус бодлогын баримт бичигт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг тусгаж, аймаг орон нутгийн өнөөгийн нөхцөл, нөөц, түүх соёл, нийгэм, эдийн засаг зэрэг судалгаа шинжилгээнд үндэслэжээ.
Шилжин ирэгсдийг татах нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаар нийслэлийн ачаалал буурч, тэр хэрээр агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг асуудал цэгцэрч, хүн амын тоо багасах тусам сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээ чанар, хүртээмж сайжирна.
Нөгөө талд орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэх, ажлын байр бий болох, бүтээн байгуулалт өрнөх, зах зээл тэлнэ. Өнгөрсөн онд Эрдэнэт хотод нийслэл, бусад аймгаас 1938 иргэн, 490 өрх шилжин иржээ.
Эх сурвалж: erdenetinfo.mn