Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр хүнсний үйлдвэрүүд, эрчимжсэн хөдөө аж ахуйн фермүүдтэй танилцаж байна. Өнөөдөр /2023.01.14/ өдөрт 6-8 литрийн сүү гардаг, хоёр жилд гурван удаа төллөх боломжтой Альпин үүлдрийн ямаан фермийн төслийг эхлүүлээд буй "Нарго Грийн" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Нарго грийн" ХХК нь олон улсын стандартад нийцсэн сүүний чиглэлийн ямааны ферм байгуулан, шим тэжээллэг Альпин ямааны сүүгээр Улаанбаатарын зах зээлийг хангаж улмаар хуурай сүүний үйлдвэр, ямаан сүүний кластер, сүүний гарцыг нэмэгдүүлэн дотооддоо төдийгүй гадагшаа экспорт хийж олон улсын зах зээлд гарах, экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг зорилтыг тавин энэхүү төслөө эхлүүлжээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Франц улсаас Альпин үүлдрийн ямаа оруулж ирээд буй Баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани эхний ээлжинд 300 ямаа оруулж ирсэн бөгөөд ямааны сүүний ферм, шилмэл сортын цөм сүрэг бий болгох, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо төдийгүй экспортод гаргахаар зорьж, цаашлаад 5000 ямааны ферм байгуулах шинэ төслөө танилцууллаа. Манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Тэгвэл ямааны сүү нь эхийн сүүний бүтэцтэй ойролцоо учраас нярай хүүхдийг хооллоход хамгийн тохиромжтой байдаг аж. Хүүхдийн хоолны нэмэлт тэжээл 100% импортоос хамааралтай байдаг манай улс ямааны сүүг хуурай болгон үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлснээр дотоодын хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэнэ. "Нарго Грийн" компанийн танилцуулсан нэг дор 6-8 литр сүү өгдөг сүүний чиглэлийн ямаан ферм, сүүний үйлдвэрийн төсөл нь дотоодынхоо сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаад зогсохгүй, гадагшаа экспортлох зорилготой. "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36-р тогтоолд тусгаснаар Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр: Хүүхдийн хоол, сүү, ногоо, жимс, жимсгэнийн тэжээлийн үйлдвэрийг шинээр байгуулах, өргөтгөх, үндсэн түүхий эдийг дотоодоос бэлтгэн нийлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан байгаа.
"Нарго грийн" ХХК-ийн Зөвлөх Б.Наранцацралт: Франц улсаас Альпин үүлдрийн нийт 300 ямааг импортлон оруулж ирэн үржлийн эх сүргийг бүрдүүлж, эрлийзжүүлэлгүй цэврээр үржүүлэн саалийн ямааны эрчимжсэн фермийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ямаагаа оруулаад ирсэн. Сүүний фермээ бүрэн ашиглалтанд оруулах төслийн ажилдаа явж байна. Төслийн ерөнхий төлөвлөгөө бэлэн болсон. Одоо манай төсөлд хамтран ажиллах түншлэгч, иргэдтэй бид нар хамтран ажиллахаар төлөвлөж байна. Цаашлаад эх нутгийн ямаатай эрлийзжүүлэн монгол орны уур амьсгалд тэсвэртэй сүүний гарц сайтай нутгийн ямааг бий болгохоор зорьж байна.
Ямааны сүү нь үхрийн сүүтэй харьцуулахад их уурагтай бөгөөд уургийн бүтэц нь хөхний сүүтэй илүү төстэй байдаг. Түүнчлэн, ямааны сүүн дэх кальцийн хэмжээ их байдаг. Ямааны сүүн дэх тослог нь биед шингэн энерги болохдоо илүү амархан бөгөөд бага хуримтлагддаг байна. Энэ нь нярайн өтгөн хаталтаас сэргийлж, кальцийн шингэлтийг нэмэгдүүлдэг бөгөөд зүрхийг эрүүл байлгаж, гэдэсний ашигтай бактер үржихэд эергээр нөлөөлдөг. Мөн оюун ухаан, тархины эрүүл мэндэд тустай.