Бид энэ удаагийн ээлжит ярилцлагадаа үндэсний үйлдвэрлэгч, “Монгол ванн” ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Түүний хувьд 2022 оны шинэ жилээр шилдэг ажилчдадаа 2-3 өрөө байраар шагнаж урамшуулсан юм.
- Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе, Ярилцлагын эхэнд “Монгол ванн” ХХК-аа товч таниулаач?
Сайн байна уу, Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе, Манай компани 2012 онд байгуулагдсан. Одоогоор 20 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Солонгос улсын технологиор байгалийн чулууг нунтаглаад, шахмал чулуу болгон 19 төрлийн ванныг үйлдвэрлэдэг /булангийн, хоёр хүний, стандартын гэх мэт/ Жилд ойролцоогоор 7-8 мянган ванн үйлдвэрлэж байна.
- Эдэлгээний хувьд хэдэн жил байдаг вэ?
Ер нь бол тухайн айлын эдэлгээнээс шалтгаалаад 10-аас дээш жил ашиглах бүрэн боломжтой. Манайх барилгуудын үзэсгэлэнд тогтмол ордог. Үзэсгэлэнгийн үеэр манай хамгийн анх үйлдвэрлэж байсан, одоо үйлдвэрлэхээ больсон ванныг худалдаж авсан зарим хэрэглэгчид ирээд, одоо болтол хэрэглэж байгаа тухайгаа ярьдаг.
- Импортоор орж ирж байгаа бусад ваннуудаас ялгарах онцлог юу вэ?
Манайх төмөр, ширмэн, акрил, хуванцар гэсэн дөрвөн төрлийн ванн үйлдвэрлэдэг. Байгалийн чулуугаар хийдэг учраас 1,5-3мм-ийн зузаантай болдог.
- Бизнесийн гараагаа анх хэрхэн эхэлж байв?
Манай нөхөр 2007-2011 онд Солонгос улсад ванны үйлдвэрийн гэрээт ажилтан байсан. Тэндээс сурч ирсэн технологиороо үйлдвэрлэж эхэлсэн. 2010-аад онд Монгол улсад барилга байгууламж нэлээн баригдаж бүхий л материалаа БНХАУ-аас импортоор авдаг байсан. Ядаж өөрсдийн чаддаг зүйлээ Монголдоо үйлдвэрлэе гэж бодоод бизнесээ эхлүүлсэн.
- Бизнесээ эхлүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байсан бэ?
Ерөнхийдөө эдийн засгийн асуудал тулгарч байсан. Төрийн ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээл олж авахад шалгуур нь их өндөр. Төрийн үйлчилгээг авахад хэцүү, хүссэн хүн бүрд ЖДҮ-г хөгжүүлэх зээл олдохгүй байсан л даа. Бүхий л боломж бололцоог хайж олон банкин дээр “Үйлдвэрлэлт эрхэлж байгаа юмаа. Эргэлтийн хөрөнгийн зээл авах гэсэн юм” гэж очсон. Дандаа л “Барилгын салбар уналттай, эрсдэлтэй байгаа гээд татгалзсан хариу авч байсан”. Тэр үед Хаан банк бидэнд итгэж, зээл олгосон. Зээлээр л бид нар чинь үйл ажиллагаагаа аюулгүй, тасралтгүй, тогтмол үргэлжлүүлж байсан болохоор Хаан банканд үнэхээр талархаж явдаг.
- Таны хувьд ажилчдаа их үнэлж, дэмжиж ажилладаг юм шиг санагддаг. Саяхан шилдэг ажилчдаа байраар шагнаж байсан шүү дээ
Тиймээ. Миний хувьд Залуучуудаа харь улсад хайртай бүхнээсээ хол ажиллангаа амьдрах биш, эх орондоо, гэр бүл, үр хүүхэд, хань ижил, халуун дотно бүхэнтэйгээ амьдрангаа ажиллаж залуу халуу насаа өнгөрүүлээсэй гэж хүсдэг. Тийм учраас 10 жилийн ойн баяраараа шилдэг ажилчдаа шагнаж урамшуулсан. 10 жил ажилласан нэг ажилтнаа 3 өрөө байраар шагнасан. Өөр 4 ажилтнаа хөнгөлөлттэй нөхцөлөөр 2 өрөө байр авах эрхээр шагнасан.
- Танай ванныг хаанаас худалдаж авч болох вэ?
Манай дэлгүүр:
-Мишээл барилгын их дэлгүүрийн 2 давхарт,
-100 айлын Хаан банкны хойно байдаг АМО төвийн 3 давхарт ажиллаж байгаа. Мөн “Монгол ванн” гэсэн фейсбүүк хуудсаар мэдээлэл авч, захиалга өгч болно
- Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.