Төр өөрөө том төслөө гацаадаг, булаадаг буруу жишиг бий болсны нэгэн жишээ бол Дарханы арьс ширний цогцолбор болоод байгаа юм
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх учиртай уг төслийг тус компани Дархан-Уул аймгийн Хонгор суманд 180 га газар дээр сүүлийн дөрвөн жил өөрсдийн хөрөнгө болон Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Уг төсөл дээр Засгийн газрын тогтоолын дагуу төрөөс дэд бүтцийг нь шийдэж, хариуцах ёстой байв. Гэтэл төр энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас хувийн хэвшил цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Засгийн газрын тогтоолд итгэснийхээ төлөө өнөөдөр хохирч, өрөнд баригдаж, барьсан үйлдвэр нь балгас болон үлдэхдээ тулчихаад байна.
“2020 онд Засгийн газрын 185, 234, 178 дугаар тогтоолууд батлагдсанаар ХХААХҮЯ нь “Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх, Бодлогын гэрээг хэрэгжүүлэн дүгнэж, зээлийн хүүгийн татаасыг өгч, төслийн ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах байсан ч ХХААХҮЯ үүргээ биелүүлээгүй байна.
Мөн ХХААХҮЯ-ны Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж, дэд бүтэц барих үүргээ биелүүлээгүйгээр зогсохгүй төр, хувийн хэвшлийн барьж байсан үйлдвэрийн хажууд яг ижил чиглэл бүхий, төстэй нэртэй төрийн өмчит арьс ширний үйлдвэрийг гэнэт 2020 оны сүүлээр барьж эхэлснээр асуудал үүссэн байдаг.
Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлүүд нэгдэж байгаагаа барьцаалж, зарж, зээл авч эхэлсэн уг ажлыг дэмжих учиртай төр нь “Бид өөрсдөө үйлдвэр барилаа” гээд Засгийн газрын хэд хэдэн тогтоолоо зөрчиж эхэлсэн. Улмаар эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий уг үйлдвэрийг бүх талаар шахаж, хавчсаар зогсоосон гэдгийг төслийн багийнхан төдийгүй гүйцэтгэгч компаниуд нь хэлдэг.
Төр гэсэн ерөнхий нэрээр хаацайлж УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд С.Даваасүрэн цаана нь байсан нь анхаарал татдаг.
Дарханы арьс ширний цогцолборын хажууд С.Даваасүрэн нарын гэгдэж буй үйлдвэр баригдаж эхэлснээс хойш улс төрийн шахаа, гацаанд орсон хувийн хэвшлийнхэнтэй “Төр барьсан үйлдвэрийг чинь авъя” гэдэг хэлцлийг ХХААХҮ-ийн яамнаас хийх тухай яригдсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байгаа юм.
Өмнөх сайд З.Мэндсайхан Дархан арьс ширний цогцолбор төслийн хэрэгжүүлэгчдэд “Төрийн шалгах дээд байгууллага болох аудитаар дүгнэлт гаргуулж, бодит зардлыг өгнө” гэсэн тус яамны хүсэлтээр Үндэсний аудитын дүгнэлт гаргажээ. Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүгнэлтийг үндэслэн дараах дүгнэлтийг хийсэн.
Аудитаар Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн ажлуудад хэмжилт, хяналт хийж, гүйцэтгэгч байгууллагууд бодит гүйцэтгэлээр 40.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Дэд бүтцийн ажил удаан хугацаанд зогссоноос шалтгаалж угсарч суурилуулсан тоног төхөөрөмж, байгууламжийн чанар муудах, хадгалалт, хамгаалалтын горим алдагдах эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Ингээд жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулан гадны зах зээлд гаргах хүчин чадалтай 60 хувийн гүйцэтгэлтэй явж байсан энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг улс төрчид хувийн ашиг сонирхлоор гацааж, төрд өгөх болж аудитын дүгнэлт нь гарсан ч одоо ч асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Угтаа эдийн засгийн өндөр ач холбогдолтой уг төсөл энгийн иргэдэд тэр дундаа малчдад асар их өгөөжтэй байх байв.
Даан ч арьс ширний цогцолборыг өмчлөн ярьж, чуулганы танхимд ч хашгирч суугаа улстөрчдийн балгаар хувийн хэвшил гэлтгүй улсаараа хохирч байгаа нь бодит үнэн юм. Уг нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд С.Даваасүрэн, түүнийг бодлогоор дэмжих ХХААХҮ-ийн яамны сайд Х.Болорчулуун нарт монголын төр, монголчууд ямар ч өргүй билээ.