Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.01.20 15:47
1626
2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ
 
УИХ-ын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийсэн “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2023-01-19-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1 хувь нь дэмжиж баталлаа.
УИХ-аас өмнө нь утаа, агаарын бохирдлын асуудал, Жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилт, Хөгжлийн банкны асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж байсан бөгөөд миний удирдсан Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол дөрөвдэх нь юм.
 
Өмнөх сонсголуудыг тухайн асуудлаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулж байсан бол энэ удаа сонсголын тайлантай холбогдуулан тодорхой шийдвэр гаргах нь зөв хэмээн үзэж УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан нь нийтийн сонсголын түүхэнд анхных гэж болно.
Тогтоол батлагдсанаар нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналт тавих, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах, ард түмний мэдэх эрхийг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах үүргийг Засгийн газар хүлээж буй юм.
 
Уг тогтоолд
-“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх хүрээнд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;
-2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх.
-Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой хяналт, шалгалтын ажлын үр дүн, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц байдал, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцсон талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүр шуурхай мэдээлж байх;
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авахаар тусгасан.